Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг өчигдөр хүлээн авч уулзан, Монгол, Туркийн тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Зафер Атеш "Сүүлийн үед Монгол Улсын иргэд манай улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах, бизнес хийх явдал нэмэгдсэн учир эрэлтийг хангасан тээврийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байна. Тиймээс Туркиш Эйрлайнсын нислэгийг давтамжийг нэмэгдүүлэх, мөн Улаанбаатараар дамжин Азийн бусад чиглэлүүд рүү ачаа тээврийн нислэг хийх зөвшөөрөл авах хүсэлтэй байна" гэв.
Мөн түүнчлэн өмөр замын чиглэлээр БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын хүрээнд Дунд коридор буюу Туркээс Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад зэрэг улсуудаар дамжсан төмөр замын коридороор Монгол Улстай холбогдох боломж байгааг хэлж хамтран судлахыг санал болголоо. Хоёр тал ярилцан, холбогдох байгууллагуудын хооронд холбоо тогтоон хамтран ажиллах чиглэл өгч, дэмжиж ажиллахаар тогтов.