Баянхонгор аймгаас дөрвөн жил гаруйн өмнө Улаанбаатарт шилжин ирсэн Г-гийнх ам бүл тавуул. 7-12 насны гурван хүүхдээ сумандаа аав, ээждээ үлдээжээ. Гэр оронтой болж, сургуульд сургах боломж бүрдүүлээд тэднийгээ хотод авч ирэхээр хичээсэн ч болж өгөлгүй дөрвөн жилийн нүүр үзээд буй аж. Өдгөө эхнэр, нөхөр хоёр Баянгол дүүргийн XX хороонд орцны жижүүрээр ажиллаж байна. Нөхөрт нь тогтмол ажил олддоггүй гэсэн. Орц болон гадна талбай цэвэрлэх зэрэгт эхнэртээ туслан сард нийт 600 000 гаруй төгрөгийн цалин авдаг. Ямар нэгэн татвар, шимтгэл төлдөггүй ч ийм цалинг таван ам бүлд хуваахад нэг хүнд 120 000 орчим төгрөг ногдон, онолын хувьд тэд ядуу өрх, ядуу иргэдэд тооцогдоно. 40 орчим настай тэд тус бүртээ сард ердөө 300 000 төгрөгийн орлого олж буйд хэн буруутай вэ. Эхнэр С “Миний аав, ээж 60 гаруй настай, тэтгэвэрт гарсан учраас хүүхдүүдээ одоохондоо харуулж, хөдөө амьдруулж болоод байна. Харин нөхөр бид хоёрт эзэмшсэн мэргэжил байхгүй. Найм, аравдугаар анги төгссөн, мал маллаж байсан. 2017-2018 онд манай нутагт хатуу өвөл болж цөөн хэдэн малаа үхүүлсэн. Тэгээд хүүхдүүдээ сумын төвд сургуульд оруулахаар сум бараадаад ч ажил олдолгүй хотод ирсэн. Нөхрийн минь нуруу өвддөг учраас хүнд ажил хийж чаддаггүй. Би л орлого олдог, олсон хэдээсээ хүүхдүүд рүүгээ явуулдаг” гэсэн юм. Нөхрийнх нь яг юу өвддөг, өөр ямар ажил хийх боломжтой, архины хамааралтай, эсэх талаар тэрбээр ярихыг хүссэнгүй. Харахад ямар ч ажил хийж чадахаар, орлогоо одоо байгаагаас нэмэгдүүлэх боломжтой ч тэд ийм байдлаар амьдраад дассан мэт.
“Ядуу айл байна уу, гэрт нь очиж, яаж амьдарч байгааг нь харъя гэв үү, та” хэмээн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны зургадугаар хэсгийн ахлагч С.Чулуунчимэг унтууцангүй хэллээ. Тус хэсэгт амьдарч буй амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага орлоготой буюу сард 184 750-иас доош төгрөгийн хэрэглээтэй гишүүдтэй айл руу очин, ажил эрхлэх, цалин орлогоо ахиулах боломжтой, эсэхийг сонирхох зорилгоор С.Чулуунчимэгт хандахад ийнхүү хариулсан юм. С.Чулуунчимэг “Манай хэсэгт 206 айл бий. Үүнээс ес нь хүнсний эрхийн бичиг авдаг. Амьжиргааны түвшин тогтоох, хүнсний эрхийн бичиг, бусад халамжид хамруулах, эсэх судалгаа, хяналтыг гурван жилд нэг хийдэг юм. Эл ажлыг 2021 онд хийх байтал цар тахлын улмаас хойшилсон. Энэ онд багтаан судалж, шийдэхгүй бол болохгүй нь. Учир нь ядуу буюу хэрэглээний зардал нь баталгаажих доод түвшнээс бага хэмээн тэмдэглүүлсэн айл олон. Тухайн өрхийн гишүүд ажил хийхээс хойш суун, сонгууль болон баяр ёслолоор ямар нэгэн бэлэг, тусламж горьдох боллоо. Мөн өрх толгойлсон эцэг, эх гэдэгт бэлэвсэн, эсвэл хуулийн дагуу салсан хүнийг хэлдэг. Гэтэл хүүхэдтэй, ажил хийдэггүй бүсгүйчүүд цөөнгүй болж. Улмаар өрх толгойлсон эх учраас халамж авъя гэнэ. Эсвэл хүүхдийн мөнгийг илүү нэмэгдүүл гэцгээн ажил хийхгүй байх сонирхолтой. Нийслэлийн бүх дүүрэг, хороонд нэг үеийг бодвол ажлын байрны захиалга тасралтгүй ирдэг болсон. Хэсгийн ахлагчид ажил хийх боломжтой иргэдээ гуйж байж зуучилдаг ч 10 хүний нэг нь л тогтвортой ажиллахыг эрмэлздэг. Заримдаа ажилд зуучлуулж орсон ганц хүн нь гарчих юм” гэв. Ядуурлын судалгааг манай улсад хоёр жилд нэг удаа явуулдаг бөгөөд одоогоор нэг сард 184 750 төгрөгөөс бага орлого, зарцуулалттай иргэнийг ядуу хэмээн тооцож буй. Ийм тооцооллоор нийт хүн амын гуравны нэг орчим буюу 26.7 хувь нь ядуу ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл, 900 000 хүн, хүүхэд өдөрт хоёр ам.доллароос ихгүй мөнгө зарцуулж чаддаггүй гэсэн үг. Гэтэл ядуурлын уг сурвалж нь архины хамаарлаас гадна ажилгүйдэл, халамжийн мөнгөөр амьдрах эрмэлзэл, залхуурал гэдгийг холбогдох албаныхан дурдсаар. Ядуурлыг бууруулахын тулд халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлэхээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэн, халамж авч буй иргэдийн тоог цөөрүүлэх, хавтгайруулан “халамжлахгүй” байх, хүнсний эрхийн бичиг олголтын шалгуурт хяналт тавихаа дурдсан. Энэ талаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулга “Иргэд ажилгүй, тогтмол орлого багатай амьдарч хэвших нэг нөхцөл нь халамж гэдэгтэй санал нийлэх хүн олон. Тиймээс ХНХЯ-наас иргэдийг ажилд зуулчлах, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг цөөнгүй ажил хийж буй. Гэхдээ дүүрэг, хороодоор дамжуулан ажлын байрны зар түгээх, ажилд зуучлахыг идэвхжүүлэхээс биш, хүмүүсийг хөтөлж яваад ажил хийлгэхгүй. Тиймээс ажил эрхлэлт өссөн гэж хэлж чадахгүй нь. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшин (хөдөлмөрийн насны хүн ам дахь ажиллагчдын хэмжээ) өндөр буюу улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар улиралд 53.6 хувьтай байгаа нь ажилгүй хүмүүс олон байгааг илтгэж буй хэрэг. Түүнчлэн халамжийг танах зорилгоор бид 2020 онд 5700 өрхийн 34 000 орчин хүнийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хассан. Өдгөө 35 000 орчим айлын 192 000 гаруй иргэн хүнсний эрхийн бичиг авч буй. Үүнийг олгохын тулд амьжиргааны түвшин тогтоох судалгаанд өрхүүдийг хамруулан 0-1000 оноо өгдөг. Дүн нь тэг рүү дөхөх тусам хэрэглээ багатай гэсэн үг. Мөн Үндэсний статистикийн хорооноос хоёр ажил тутам явуулдаг ядуурлын судалгаанд үндэслэн айлуудыг үнэлдэг. Цаашид халамжийн хөтөлбөрүүдийн нэр, төрөл, хамрах хүрээг оновчтой болгох, халамжийг зорилтот бүлэгт хүргэх бодлого баримтална. Үүнээс гадна нийгмийн халамж болон хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний ялгааг тодруулна” гэлээ.
Эндээс харахад ядуурал нь нэг талаас халамжид дулдуйдсан залхуурал гэхэд болох нь. Гэхдээ орон нутагт ажлын байр ховор, малын түүхий эд боловсруулах үйлдвэргүй зэргээс иргэдийн орлого бага байгаа нийтлэг дүр зураг бий. Тухайлбал, малаас гарсан түүхий эдийн дөнгөж 13 орчим хувийг боловсруулдаг аж. Улмаар малчин өрхийн сарын дундаж орлого өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг байсан нь улсын дунджаас 300 000-аар бага дүн болсон. Энэ нь орон нутагт ядуурлын түвшин 30.5 хувь байгаа шалтгаан нөхцөл ч байж мэдэх юм. Цаашилбал нэн ядуу буюу ядуурал гүнзгийрэх түвшинд очсон өрх, иргэдийн судалгааг ч нарийн тооцоолон гаргах учиртай.