Богдхан уулын дархан цаазат газарт хамаардаг Хүрэл тогоотын аманд нэр нь тодорхойгүй, тансаг зэрэглэлийн хотхон босоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэндээс хэдхэн алхмын зайд буй Одон орон судлах төв, “Хүрэл тогоот” амралт болон Эх, хүүхдийн сувиллын газрынхан энэ хотхоны эзэн, барьсан компанийн талаар юу ч мэддэггүй юм билээ. Үүнийг тодруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнийг шалгаахад “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн хэсэгт зөвхөн түр ашиглуулах журмаар таван жилийн хугацаатай газар олгодог. Нарийн зүйлсийг яамныхнаас асуу” хэмээн мэдэн будилж, өөрсдөөсөө холдуулсан. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандахад мөн ижил тайлбар хэлж байв. Яг ийм тодорхойгүй, мэдээллийг нуун дарагдуулсан, үнэнийг төөрөгдүүлсэн байдал байгаль орчны салбарт гаарч, утгаа алдлаа. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой мэдээлэл олж авна гэдэг нь бүтэшгүй мөрөөдөл болж хувирав.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галын өгсөн мэдээллээр бол өдгөө улсын хэмжээнд тусгай хамгаалалттай бүсэд 3100 гаруй иргэн 5600 га газар ашиглаж байгаа гэнэ. Үүний дийлэнх нь Богдхан уулын хамгаалалтын бүсэд аж. Гэвч тухайн хэсэгт чухам хэн, хэчнээн га газрыг ямар зориулалтаар хэдий хэр хугацаанд ашиглаж байгаа нь тодорхойгүй, нууц хэвээр. БОАЖЯ энэ талаарх мэдээллийг олон жилийн турш хав дарж, нууцалсаар өдий хүрсэн. Үүний “үр дүнд” хамгийн эртний дархан цаазат газарт тооцогддог тус уулын ам газрын наймааны үүр уурхай, суурьшлын бүс болж хувирсан. Яг энэ үйл явц, гажуу байдал Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт давтагдаж байна.
Хөвсгөл бол байгалийн онцгой өгөгдөлтэй, аялал жуулчлалын идэвхтэй бүс. Тэр утгаараа газар ашиглах, эзэмших сонирхолтой хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Нуурын эргийг тойроод 100 орчим амралтын газар, жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус мэдээлэл бий ч бодитоор хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хэдий хэр хэмжээний газар эзэмшиж, ашигладаг нь мөн л тодорхойгүй байна. Хамгийн хачирхалтай нь, энэ талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох зорилготой төрийн бус байгууллагынхан БОАЖЯ-ыг хууль ёсны шаардлага биелүүлээгүй, шилэн байх учиртай мэдээллийг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн ч өнөөдүүл нь тас гүрийсээр өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, нэг нь тусгай хамгаалалттай газарт хэн, хэчнээн газар эзэмшдэгийг ил болгох, нөгөөх нь мэдээллийг “нууцын зэрэглэл”-д хэвээр үлдээх гэсэн эсрэг, тэсрэг эрх ашгийн улмаас хоёр байгууллага шүүхийн танхимд уулзахад хүрсэн байна.
Шүүхэд зарга үүсгэсэн “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа “БОАЖЯ манай байгууллагыг гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл авах хүсэлтэй, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах этгээд биш гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллага (БОАЖЯ) нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу газрын мэдээллийг Байгаль орчны мэдээллийн санд ил тод, нээлттэй байршуулсан бол, Мэдээллийн эрх чөлөөний хуульд тусгасанчлан иргэн, байгууллагад хүссэн мэдээллийг нь хуулийн хугацаанд гаргаж өгсөн бол ийм маргаан үүсэхгүй. Тэд энэ төрлийн мэдээллийг байгууллагын болон хувь хүний нууцад хамаатай гэх шалтгаанаар далдалж, олон нийтэд мэдүүлэхээс татгалздаг. Тэгвэл үүнийхээ үндэслэл, шалтгааныг тайлбарлах ёстой. Үе үеийн сайд нар ийм байр сууринд бат зогсож, тусгай хамгаалалттай бүсэд хууль бус газар олголтыг өөгшүүлсэн. Иргэдийн эрх ашгийг хамгаалах талд зогсдоггүй, ажлаа хийдэггүй. Байгаль орчны салбараас хол хөндий, туршлагагүй, сул хүмүүсийг сайдын албан тушаалд томилдог нь зорилготой, зохион байгуулалттай байж болзошгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Байгаль орчны салбарт иргэдийн дуу хоолой болж ажилладаг өөр нэг төрийн бус байгууллагын тэргүүн мөн ийм асуудалтай нүүр тулсан талаараа ярьсан юм. Тэрбээр “Газар олгохтой холбоотой мэдээллийн ил тод байдал манай улсад алдагдаад удаж байна. Одоо шүүх, цагдаагийн байгууллагад хандах хүртлээ даамжирч. Манай байгууллага Д.Оюунхорол сайдын үед яаманд ийм шаардлага хүргүүлсэн. Авч хэлэлцдэггүй, албан ёсны хариу илгээдэггүй юм билээ. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт очиход “Ямар үндэслэл, шаардлагаар мэдээлэл хүсэж байгаагаа бичгээр илгээнэ үү. Дараа нь өгөх, эсэхээ шийдье” гээд буцаасан. Тухайн үед бөөн ажил болсон ч шаардлагатай мэдээллээ авч чадаагүй. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар сайд асан Д.Оюунхорол ч Хөвсгөлд томоохон хэмжээний газар эзэмшиж байсан гэх юм билээ. Тийм бол мэдээлэл өгөхгүй нь тодорхой шүү дээ. Тусгай хамгаалалттай бүс дэх газрын мэдээлэл нууцлагдмал байгаагийн цаана нь нөлөө бүхий хүмүүсийн эрх ашиг бий гэсэн хардлага төрүүлдэг. Яам Үндсэн хуулиар баталгаажсан, иргэдийн мэдэх эрхийг хангадаггүй юм гэхэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүргээ үлгэр жишээ биелүүлэх ёстой” гэж ярив.
Тусгай хамгаалалттай газар, тэр дундаа Богдхан уул орчим дахь газар олголттой холбоотой мэдээлэл авах зорилгоор яаманд хандаад, “хана мөргөж”, хоосон буцсан тохиолдол цөөнгүй. Тэд эхлээд “Ямар зорилгоор ашиглах мэдээлэл вэ” гэж лавлаад, хариултаас үл хамааран хэзээд “Боломжгүй” гэдэг хариулт өгдөг. Харин тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан “Бид мэдэхгүй. Яамнаас асуу” хэмээн дээшээ заадаг. Энэ нь мэдээлэл эрсэн, хайсан хүмүүсийг залхааж, замын талаас буцахад хүргэдэг. Харин байгаль орчноо гэсэн чинхүү сэтгэлтэй, хууль эрх зүйн мэдлэгтэй хүмүүс эл гажуудлыг засахын тулд араас нь энэ мэтчилэн уйгагүй явдаг ч яамныхны хаалттай, дүлий байдал өөрчлөгддөггүй бололтой.
…Хамгийн хачирхалтай нь, энэ талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох зорилготой төрийн бус байгууллагынхан БОАЖЯ-ыг хууль ёсны шаардлага биелүүлээгүй, шилэн байх учиртай мэдээллийг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн ч өнөөдүүл нь тас гүрийсээр өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, нэг нь тусгай хамгаалалттай газарт хэн, хэчнээн газар эзэмшдэгийг ил болгох, нөгөөх нь мэдээллийг “нууцын зэрэглэл”-д хэвээр үлдээх гэсэн эсрэг, тэсрэг эрх ашгийн улмаас хоёр байгууллага шүүхийн танхимд уулзахад хүрсэн байна…
“Богд уулын ам бүгд эзэнтэй. Эзэн бүр өөрийн вант улстай” гэсэн хошин яриа олны дунд түгсэн. Хөвсгөлд ч далай ээжийн аль өнгөтэй, сайхан байршил бүхий хэсгүүдэд мөнгөтэй, “чадалтай”, эрх мэдэлтэй хүмүүс эзэн суугаад уджээ. Тэр байтугай аялал жуулчлалын зориулалтаар ч ашиглах боломжгүй хязгаарлалтын бүсийг нэгэн бэлтэй эрд эзэмшүүлэхийн тулд төрийн тогтоол, журмыг өөрчилсөн гэх мэдээлэл бий. Тэр тоолонд нутгийн иргэд, газар эзэмшигч, ашиглагчдын хооронд зөрчил, тэмцэл үүсдэг байна. Жинхэнэ эзэд нь олны өмнө гардаггүй, хариуцсан яамныхан нь тэр талаар ам нээдэггүй учраас иргэд, төрийн бус байгууллагынхан “Энэ хэсэг тэрнийх”, “Тэр газар түүнийх” гэхчлэн оньсого таалцаж, таамаг дэвшүүлж суудаг аж.
Тухайн газар орныхоо экосистемд чухал нөлөөтэй, олон улс, дэлхийд ач холбогдолтой газруудыг тусгай хамгаалалтад авдаг. Хамгийн үнэ цэнтэй газар гэсэн үг. Тиймээс ийм бүсэд газар ашиглуулах эрх, зөвшөөрөл олгосон тохиолдолд төлбөрийг нь тэр хэрээр өндөр тогтоож, тэндээс төвлөрүүлсэн хөрөнгийг байгаль хамгаалалд зарцуулдаг жишиг дэлхийд тогтсон. Гэтэл манайд тусгай хамгаалалттай газрын мэдээлэл далд, нээлттэй бус учраас экологид ээлтэй энэ тогтолцоог нутагшуулж, хэрэгжүүлж чаддаггүй. Харин ч хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаарах таатай хөрс бүрдүүлсээр иржээ.
Б.Баярмаа энэ тухай “Мэдээлэл ил тод, нээлттэй болчихвол хэн, хаана ямар хэмжээний газар авсан нь тодорхой болохоос гадна хууль, журмын хүрээнд олгосон уу гэдгийг нягтлах боломжтой. Тэрчлэн тухайн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах явцдаа зөрчил гаргасан тохиолдолд буух эзэн, буцах хаяг нь тодорхой тул хариуцлага тооцоход хялбар” хэмээн тодотгосон юм.
БОАЖЯ улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглалттай холбоотой үйл ажиллагааг цахимжуулах ажил хийж, өнөө маргаашгүй ашиглалтад оруулахад бэлэн болсон талаараа мэдээлэв. Гэхдээ энэ нь зөвхөн газар ашиглах эрхийн гэрчилгээг шинээр болон нөхөн олгох, мөн иргэдээс санал, гомдол хүлээж авах зориулалттай гэнэ. Тэд үүнийгээ 2021 оны онцлох ажлаар нэрлэв. Үүний оронд тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийг зарлаж, тэдгээрийг хаягжуулсан ухаалаг систем нэвтрүүлсэн бол тэр нь жинхэнээсээ онцлох, супер ажил болох байлаа.