Төрийн албаны зөвлөлөөс 2020, 2021 онд сонгон шалгаруулалтгүй түр томилсон дарга нарыг чөлөөлнө гэсэн нь шинэ оны хамгийн дуулиантай мэдээ байв. Толгойтой бүхэн “Хэр зоригтойг халахыг нь хүлээе, хэрэгжилтийг харъя” хэмээх малгай үгтэйгээр дээрх шийдвэрийг цахим орчинд эрчимтэйгээр түгээсэн. Харамсалтай нь, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эсрэг шийдвэр гаргав. Шуудхан хэлэхэд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Засгийн газраас үгүйсгэж, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй, хууль бусаар томилсон гэх зэргээр байнга шүүмжлэлийн бай болоод байсан өнөөх муу нэртэй, луу данстай хэдээсээ заримыг буцаагаад дарга болгочихов. Буцаах буцаахдаа зайлуулан дэвшүүлж байгаа аятай, бүр албан тушаал ахиулаад яамдын Төрийн нарийн бичгийн даргаар томилчихлоо. Өөрөөр хэлбэл, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг тавьчихав. Мөн “давхар дээл”-ний асуудал шийдэгдчихвэл боловсролын салбарын “хачиг” гэгддэг Л.Цэдэвсүрэнг Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилох шуум ч гараад буй.
Хариуцсан ажлаа муу хийсэн, цар тахлын үед олон нийтийг цуглуулж, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлсэн. Цахим үндэстэн болно хэмээсэн ч хэлсэн, хийсэн нь зөрсөн хэмээх шүүмжлэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дарга асан Б.Болор-Эрдэнийг тойроогүй. Олон нийт түүний мэдлэг боловсролыг нь үгүйсгэдэггүй ч төрийн томчуудын гар хөл болдогт нь үргэлж шүүмжлэлтэй хандаж ирсэн билээ.
Х.Батжаргалын тухайд эрхэлсэн ажилдаа манлайллаар маруухан нэгэн. Өөрөөр хэлбэл, төрийн чухал албанд хэдэнтээ томилогдсон ч үр дүнд хүрсэн ажил, гялалзсан амжилтгүй шахам хүн. Ийм нэг алтан дундажийг баримталдаг нөхөр чимээгүйхэн урагшилж, тушаал дэвшсээр, шат ахисаар байна. Түүний толгойлдог байсан Үндэсний хөгжлийн газар гэгч байгууллагыг олон нийт төдийлөн мэдэхгүй байсаар өчигдөр татан буулгалаа.
Ер нь төрийн албанд түр томилгоо нэрээр хууль зөрчиж томилсон 1000 гаруй хүн байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн баталсан. Тэрбээр мөн “Ковидын хуулийн хүрээнд томилсон 17 агентлагийн дарга хуулийн шаардлагад нийцэхгүй байна” гэж мэдээлсэн.
Тэгвэл төрийн албаны тухай хуульд Төрийн нарийн бичгийн даргад тавигдах шаардлагыг мерит зарчмыг баримталж, төрийн албанд 16-аас доошгүй, тэр тусмаа яамны газар, хэлтсийн даргыг наймаас доошгүй жил хашсан хүн байна гэж заажээ. Гэтэл Соёлын яамны С.Оюунбилэг, БШУ яамны Л.Цэдэвсүрэн, БОАЖ яамны Д.Ганболд, Эрчим хүчний яамны Ц.Эрдэмбилэг, Батлан хамгаалах яамны Д.Ганхуягийн нарын төрд ажиллах шаардлага хангахгүй хүмүүсээ өөгшүүлж өчигдөр ийн хуульд үл нийцэх томилгоо хийв.
Төрийн албаны тухай хуулийн 18.2-д “Тэргүүн түшмэл”-ийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна, мөн 23.2.1-дэх хэсэгт зааснаар “Тэргүүн түшмэл”-ийн ангилалд хамаарах албан тушаалд томилох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс “Эрхэлсэн түшмэл”-ийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг.
“Эрхэлсэн түшмэл” гэдэгт яамны газар, хэлтсийн дарга, Засгийн газрын Агентлагийн дэд дарга, түүний газрын дарга, УИХ-аас албан тушаалын ангилал зэрэглэл нь тогтоогддог байгууллагын Ажлын албаны хэлтэс, тасгийн дарга, ахлах референт, аймаг, нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, тэдгээртэй адилтгах бусад удирдах албан тушаал багтдаг.
Мөн Засгийн газрын тухай хуулийн 18.8-д “Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж заагаад, Төрийн албаны тухай хуулийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно...гэж нийтэд боломж олгосон.
Харин МАН-ын гишүүд нийтэд боломж олгох бус, танил тохой харж, эсвэл янаг амрагийн харилцаатай гэгддэг хүмүүсээ албан тушаалд томилдог болоод удлаа. Энэ удаагийн томилгоо ч олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Өчигдрөөс иргэд цахим орчинд энэ талаар пост оруулж, ил далд утгаар шүүмжилсэн бол өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд цуглаан хийж үзэх бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ төрд шургалсан “бясаа”, “жоом”, “хачиг”-аа цэвэрлэ. Томилгоогоо шударга хий хэмээн шаардлаа. Жагсагчдаас гадна олон нийт ч төрд тэнцэхгүй хэмээн чөлөөлсөн “бясаа”, “жоом”, “хачиг”-аа эргэн томилсны учрыг мэдэхийг хүсэж байна.
Том дарга нар олон нийтийг тестлэх, тандах маягтай цахим орчинд захиалгаар элдэв постууд оруулж эхлэв. Тандалт судалгааны хариу сөрөг байвал үйл ажиллагаа үргэлжлүүлнэ, эерэг бол гаргасан шийдвэрээ буцаадаг нь энэ Засгийн газрынхны гэм биш зан. Наад зах нь өчигдрөөс “Обуна (Б.Болор-Эрдэнэ) бусдын 16 жил хийгээгүй ажлыг 1.6 жилд хийчихсэн чадалтай, чансаатай хүн” гэх мессэж цахим орчинд хөвөрч эхэлсэн. Угтаа дарга нар е-монголиа төслийг хэрэгжүүлэх суурийг хэдэн жилийн өмнөөс тавьж, азтай Обунагийн үед тууз хайчлахад бэлэн болсон хэрэг.
Товчхондоо, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Оюунбилэг, Л.Цэдэвсүрэн, Д.Ганболд, Ц.Эрдэмбилэг, Д.Ганхуяг хэн боловч Төрийн албаны хуульд заасан шалгуурыг давсан л байх учиртай. Эцэст нь хэлэхэд, ард түмнээс авсан тандалт судалгааны тань хариу бүгд эерэг гарсныг үүгээр уламжилъя, Л.Оюун-Эрдэнэ дарга аа.