Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатарын ширээн дээр сүүлийн жилүүдэд бестселлер болсон хэд хэдэн номууд өрөөтэй байна. “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил”, “Итгэлийн хурд”, “Зарчим төвтэй манлайлал” зэрэг уншигчдын хамгийн их эрэлттэй бүтээлүүд байв. Учрыг нь хэлье. Бэлтгэл хурандаа Д.Бээжин гуай хүү Б.Сайнбаяр болон түүний багийнхан орчуулсан 21 номоо Хуурай замын цэргийн командлалын номын санд бэлэглэхээр авчирсан нь энэ ажээ. Бэлтгэл хурандаа Д.Бээжинг цэргийнхэн андахгүй. 1994 онд “Зэвсэгт хүчний тэргүүний офицер” тэмцээнийг анхлан зохион байгуулахад тэргүүлж, улмаар Батлан хамгаалахын удирдлагын академид урилгаар суралцаж байсан бэлтгэл офицер юм. Тэрээр “Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүнд хүүгийнхээ орчуулж олон нийтийн хүртээл болгосон номын дээжээс гардуулж байгаадаа баяртай байна. Хувь хүний хөгжил, сургалтад чиглэсэн бүтээлүүд учир командлалын залууст таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хошууч генерал Б.Амгаланбаатарт гардуулав. Ташрамд дурдахад, эдгээр номуудыг “Монгол хүн-30” сангаас эрхлэн гаргажээ. “Монгол хүн-30” сангаас зөв харилцаа, зөв зарчим, зөв хандлага, гэр бүл төлөвлөлт гээд нэлээд олон чухал сэдвээр танхим болон цахим сургалтуудыг явуулдаг аж.