Манай улсад омикрон хувилбар илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэд ирснээс 232 хүнээс халдвар илэрсэн. Тодруулбал, 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр, үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан давтан шинжилгээгээр илэрсэн. Нийт гаднын 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн ба эдгээрээс хамгийн их нь Туркээс 102 зөөвөрлөгджээ. Гадааадаас ирсэн 3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Алтанбулан боомтоор 2100 хүнээс зургаан тохиолдол, Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол, Боршоо боомтоор 213 хүнээс 0, Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдсан.
Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Эдгээрээс халдвар илэрсэн тохиолдлуудад түүвэрлэсэн аргаар омикрон хувилбар илрүүлэх шинжилгээг авахад 12 иргэнээс омикрон хувилбар илэрсэн нь батлагдлаа. Тодруулбал, энхийг сахиулагч 10, Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг тохиолдол, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг тохиолдол багтаж байна. НЖС-ээр баталгаажуулах энэхүү шинжилгээг түүвэрлэж буюу олон сорьцоос цөөн тоогоор хийдэг. Мөн гаднаас зөөвөрлөгдөн ирсэн болон сэжигтэй тохиолдлуудад дараагийн шинжилгээг хийж байна. НЖС шинжилгээний технологи нь олон үе шаттай ба 7-10 хоногт хариу нь гардаг. Мөн зөөвөрлөгдсөн тохиолдлуудын ойрын хавьтлыг тодорхойлж, тандалт судалгааг хийж буй" гэлээ.