ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд хийсэн монгол тарвага сэргээн нутагшуулах ажлынхаа талаар тайлагналаа. Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Я.Адъяагаар ахлуулсан судлаачид сүүлийн хоёр жилийн хугацаанд 70 тарвага сэргээн нутагшуулжээ. Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын нутаг буюу Тарвагатайн нуруунд 50, Архангайн Батцэнгэлд 20 “хулгар шар” аваачсан байна.
Төслийн явцад сэргээн нутагшуулсан тарваганы тоо 13.6 хувиар өсжээ. Биологийн хорогдлын түвшин харьцангуй бага буюу 6.5 хувьтай гарчээ. Үржлийн хос нэмэгдэн, тухайн популяцад мөндлийн эзлэх хувь 26.4 болсон нь төслийн үр дүнг илтгэхүйц өндөр үзүүлэлт гэдгийг судлаачид онцлов. Тарвага нутагшуулсан газрыг орон нутгийн иргэд, байгаль хамгааллын нөхөрлөлүүдэд хариуцуулсны зэрэгцээ төслийн зохицуулагч, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг хянагчаар ажиллуулсан аж. Энэ нь тухайн бүсэд хууль бус антай холбоотой зөрчил гарах, “хулгар шар” хүний шууд ба дам сөрөг нөлөөнд өртөх эрсдэлийг бууруулсан гэж биологичид дүгнэж байна.