Тарвага хээл алддаггүй амьтан учраас тулгар биетэй эмэгтэй шагайг нь дөрвөн мөч буюу хөл, гартаа зүүвэл ураг зулбах эрсдэлээс хамгаалдаг гэсэн итгэл үнэмшил монголчуудын дунд байсаар ирсэн. Амаржих хугацаа дөхсөн үед ийм “арга хэмжээ” авбал илүү үр дүнтэй гэлцдэг. Тэгвэл энэ нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл, ташаа ойлголт болохыг МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор, судлаач У.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас өрнүүлж буй “Хууль бус ан агнуурыг дэмжихгүй” аянд нэгдэж буйгаа илэрхийлээд “Эртний монголчууд амьтны эвэр, ясыг ахуйн зориулалтаар ашиглаж байсныг гэрчлэх баримт олон бий. Харин тарваганы шагай, чонын соёо зэргийг зан үйлийн зорилгоор хэрэглэж байсан ул мөр археологийн болон түүхийн сурвалжид үгүй. Эдгээр нь сүүлийн жилүүдэд дэлгэрсэн, үүсмэл соёл” гэв. Иргэд тарваганы шагайг зан үйлийн зориулалтаар ашиглахын тулд эрэл сурал болж, нэгнээсээ худалдаж авдаг. Энэ нь хууль бус анг өөгшүүлж, амьтны эд, эрхтний худалдааг цэцэглүүлж буйгаас ялгаагүйг дээрх байгууллагынхан онцлов. Иймд бяцхан үрдээ хууль бус “гоёл” зүүлгэж, хулгайн анчдыг дэмжихгүй байхыг уриаллаа.
Бэлтгэсэн Ж.Мишээл