Монголын спортын корпорацаас шагай харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сард зохион байгуулахаар товлож, эмэгтэйчүүдийг оролцуулахаар болсон. Гэтэл үүнийг Монголын шагайн харвааны холбооныхон эсэргүүцэж “Эмэгтэйчүүд шагай харвадаггүй. Гэтэл Монголын спортын корпорацынхан эмэгтэйчүүдийг шагай харвуулах болсноор энэхүү өв устах аюулд орлоо. Тиймээс уг тэмцээнийг зогсоохыг шаардаж байна. Дээр үед эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээ хүндэлдэг, ам уралдаж ярьдаггүй, эр хүний тоглоомыг дээдэлдэг тул шагай харвадаггүй байсан” хэмээн мэдэгдсэн нь эмэгтэй хүнийг илт доромжилсон үйлдэл болсон. Энэ талаар Жендерийн үндэсний хорооны үндэсний шинжээч Ж.Занаагаас тодруулсан юм.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй”, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудын дагуу эрэгтэй, эмэгтэй иргэн бүрт аль нэг спорт, наадам, тоглоомд оролцох, авьяас, чадвараа сорих, үндэсний болон олон улсын тавцанд нэрээ дуудуулах эрх бүрэн дүүрэн хангагдсан байх учиртай. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устах тухай конвенцод 196 улс нэгдэж, соёрхон баталсан. Монгол Улс ч энэхүү конвенцыг бүрэн хүлээн зөвшөөрч, үндэсний хууль тогтоомжийн дагуу шударгаар сахин биелүүлэх нь бүх шатны засаг захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, нийт иргэний үүрэг гэдгийг эрх зүйн хүрээнд баталгаажуулсан. Энэ конвенцын тавдугаар зүйлд “Аль нэг хүйсийг доорд, эсхүл дээрд үзэх, эсхүл эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийн талаарх хэвшсэн үзэлд тулгуурласан хохиролтой үйл ажиллагаа, заншил болон бусад бүх дадлыг устгах зорилгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн зан төлөвийн нийгэм, соёлын хэв шинжийг өөрчлөх” хэмээн заасан. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Гэтэл XXI зууны Монгол Улсад “Шагай харвах тэмцээнд эмэгтэйчүүд оролцвол монгол ёс заншил устана” гэж ярьж байгаа хүмүүс ямар хууль, журам, дүрмийн дагуу ийнхүү муйхарлаж байгааг тодруулах, түүнчлэн хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ташрамд дурдахад, аливаа спорт, наадмын арга хэмжээнд аль нэг хүйсийг дээрд, эсвэл доорд үзэхийг шударга ёс, тэгш байдлыг ноцтой зөрчсөн хандлага гэж үздэг. Тийм спорт, наадмуудыг энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон олимпод оролцохыг хатуу хориглосон байдгийг мэдэхэд илүүдэхгүй” хэмээлээ.
Бэлтгэсэн М.Оч