Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны 50 дугаар тогтоолоороо “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам баталсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй билээ. Уг шийдвэр нь хүний эрхийг илтэд зөрчсөн тул Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Х.Мөнхзул орон нутгийн холбогдох албаныханд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Дархан бэр өргөмжлөх нь уг шалгуурыг хангаагүй, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаатай байдал үүсгэх, улмаар ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл зэрэг олон сөрөг асуудал дагуулах эрсдэлтэй” гэж дурджээ. Тиймээс тус сумын ИТХ-аас “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа нэн даруй хүчингүй болгохыг шаардсан байна. Түүнчлэн шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэх, үр дагавар, сөрөг нөлөөллийг нь тооцох, иргэдийг хүйсээр ялгаварлахгүй байхыг ХЭҮК-оос сануулжээ. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хүний эрхийн болон жендерийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулахыг анхаарууллаа. Үүнээс гадна цаашид дархан бэр, уран бэр өргөмжлөх зэрэг хүйсээр ялгаварлан гадуурхсан санал, санаачилга, арга хэмжээ зохион байгуулахгүй, төсвийн хөрөнгийг энэ мэт үр дүнгүй ажилд зарцуулахгүй байх нь зүйтэй гэж ХЭҮК-оос мэдээлэв. Мөн шаардлагын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт 14 хоногийн дотор ирүүлэхийг орон нутгийн холбогдох албаныхнаас шаарджээ. Орон нутагт жендерийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил үүсгэсэн тогтоол, шийдвэр гаргасан, эсэхийг нягтлан шалгах талаар ХЭҮК-оос аймгуудын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэхээр болсон байна.
Бэлтгэсэн М.Оч