Хүмүүс нарны тосыг зун, хаварт түлхүү хэрэглэж, өвөл түхдэггүй нь түгээмэл алдаа гэдгийг ОХУ-ын арьсны эмч Е.Мокина онцлоод, жавартай, хүйтэн үед арьсыг илүүтэй чийгшүүлж, нарны туяанаас хамгаалахын чухлыг сануулжээ. Тэрбээр “Өвлийн улиралд агаар хуурайшиж, хүйтэн урсгал ноёлдог учраас арьсны арчилгааг зөв хийхгүй бол үрчлээтэх, өнгөө алдах, гүн давхаргад нөсөө үүсэх үйл явцыг хурдасгах нэг хүчин зүйл болдог. Зөвхөн нүүр гэлтгүй гарын арьс ч энэ улиралд маш их өнгөө алддаг. Хүйтэн, жаварт нүүрний арьсны гидролипидийн давхарга илүү мэдрэмтгий, болж цочирдог нь хуурайших гол шалтгаан” гэжээ. Тиймээс гидролипидийн нөмрөг хэмээх хэсгийг хамгаалахад зөөлөн чанарын цэвэрлэгч чухал. Тосны хувьд чийгшүүлэгч, усан суурьтайгаасаа илүүтэй тослог тос сонгох нь үр дүнтэй. Зарим тохиолдолд хэт хуурайшилтаас элдэв бүтээгдэхүүн гэлтгүй сүү, цөцгий түрхэхийг зөвлөв. Ихэнх хүмүүс тосыг түрхээд удалгүй гадаа гардаг нь буруу гэнэ. Гарахаасаа 30-40 минутын өмнө түрхэж, арьсны давхаргад шингээх нь чухал. Ингэснээр гидролипидийн давхаргыг сэргээж, хүйтэн, жавартайд арьсны эмзэг байдлыг бууруулдаг болохыг онцолсон байна. Өвөл нарны хэт ягаан туяа цас, мөстэй гадаргууд ойж арьсыг илүүтэй гэмтээх нигууртай. Тиймээс алхдаг хүмүүс болон цанын бааз, ууланд гулгахдаа нарны тос зайлшгүй хэрэглэхийг зөвлөжээ. Өөр нэг анхаарах зүйл нь өвлийн улиралд спирт агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Эрчүүд сахал арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэсний дараа арьсаа заавал чийгшүүлж, тослохыг мөн анхаарулав. Өөр нэг чухал зүйл нь хүмүүс гаднаас орж ирэнгүүтээ нүүр, гараа халуун бүлээн усаар угаадгийг буруу гэсэн байна. Энэ нь арьсанд механик гэмтэл үүсгэдэг учраас зөөлөн дарж арчих нь зөв гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, хүний арьс үндсэн гурван давхаргатай бөгөөд гидролипидийн нөмрөг хэмээх хэсэг нь гаднах хамгаалалтын хальс юм. Энэ нь голчлон хөлс, тос, уснаас бүрддэг бөгөөд гол үүрэг нь бактери гэх мэт гаднын хүчин зүйлүүдийг дотогш нэвтрэхээс хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, чийгийг хадгалж, гаднах хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөс хамгаалдаг гэсэн үг.
Бэлтгэсэн Э.Хана