Манай улсын инфляцын 2-3 нэгж хувийг зөвхөн махны үнийн өсөлт бүрдүүлдэг. Мах бол стратегийн хүнс бөгөөд уг бүтээгдэхүүнийг худалдан авах чадвартай байх, эсэх нь иргэдийн амьжиргааны түвшнийг ч илэрхийлдэг чухал үзүүлэлт. Жил бүр бид 20 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу хүнсэнд хэрэглэдэг гэсэн (хил нээлттэй үед экспортолдог хэмжээг оролцуулан) тоо баримтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дурддаг. Нэг үеийг бодвол махны нийлүүлэлтэд тавих хяналт сайжирчээ. Тухайн аймаг, сумд хийж буй нядалгаанд хяналт тавин, гарал үүслийг нь тодорхойлж, баримт бичиг үйлдэн, нийслэл рүү нэвтрүүлж хэвшсэн аж. Өөрөөр хэлбэл, гарал үүслийн бичгийг нь аймаг, нийслэл рүү гарах, ороход шалган баталгаажуулж, QR код олгон, шаардлагатай бол иргэд тус кодыг уншуулж, эсвэл гарал үүслийн магадалгааг харснаар аль сумаас ирүүлсэн бүтээгдэхүүн болохыг мэдэх түвшинд хүрч. Харин махны бөөний, жижиглэн худалдааны орчин ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй хэвээр. Энэ талаар сурвалжиллаа.
Өчигдөр 09.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн XI хороо буюу Дэнжийн мянгын “Шонхор” зах руу очив. Орон нутгаас мах ачин ирсэн том оврын болон бөөнөөр нь худалдан аваад борлуулж буй жижиг оврын автомашинтай хүн цөөнгүй, үйлчлүүлэгчид ч олон байв. Мах борлуулж буй орчин андашгүй. Өөх, махны өвдөл цөвдөл цементэн талбайгаар нэг тарж, тос даан харлаж, гялайсан хэсгээр явахад халтирч унах шахна. Хоёр дугуйтай тэргэн дээр шуудай дэвсэх нь дэвсэж, зарим нь шууд мах ачаад ийш тийш зөрөлдөх улаан хувцастай залуус бол бөөний борлуулагчдад хөлсөөр туслан, худалдан авагчдад ачааг нь хүргэж өгдөг багийнхан. Улаан өнгийн брезентэн цамц, өмд өмсөн жигдэрсэн нь эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж буй хэлбэр бололтой. Залуус бээлийтэй, бээлийгүй гараар махаа өргөн, мөрөн дээрээ дамнуулан тавиад зөөх нь ч байна. Барагцаалбал 20 гаруй тоннын багтаамжтай чингэлэг бүхий автомашинд хонины гулууз дүүрэн өрж, наймаа хийх залуу хулдаасан хормогчоо хайш яайш зүүжээ. Мөн гутлынхаа гадуур угласан гялгар уутных нь нэг урагдан салбайж, нөгөө нь тос даан халтартсан байв. Түүнтэй ийн ярилцав.
-Хаанаас авч ирсэн мах вэ. Үнэ нь хэд гэж байна?
-Сүхбаатар аймгаас авч ирсэн, тарган хонины мах байна. Кг нь 8400 төгрөг.
-Сүхбаатарт малын өвчлөл хэр байгаа бол, гарал үүслийн бичиг бий юү?
-Байлгүй яах вэ. Сүхбаатараас мах ачин гарахдаа гарал үүслийн бичгээ шалгуулж, шинжилгээ хийлгүүлсэн. “Шонхор” захынхан гарал үүслийн болон зам дагуух тээврийн товчооны шалгалтын бичиггүй бол нэвтрүүлдэггүй. Бичгээ үзүүлэх зав алга, утсандаа зургийг нь авсан харах уу?
-Гарал үүслийн бичиг, баримттай юм байна. Харин мах ачсан чингэлэг дотроо гуталтайгаа ийн зогсож буй тань ариун цэврийн шаардлага хэр хангасан үйлдэл бол?
-Иймэрхүү байдлаар махаа борлуулаад цөөнгүй жил боллоо. Бүтээгдэхүүнээс чинь халдварт өвчин авлаа гэж ирсэн хүн байхгүй. Ажил ихтэй учраас гутлын гадуур угласан уут урагдсаныг анзаарсангүй. Дахиад шинийг өмсье. Хормогч зүүсэн байгаа биз хэмээв.
Тэрбээр мах борлуулахад үүнээс илүүгээр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах тухай ойлголтгүй бөгөөд тоосон шинж ч үзүүлсэнгүй.
“Шонхор” бол Улаанбаатарын бусад дэлгүүр, худалдааны төвд мах нийлүүлдэг, бөөнөөр нь борлуулдаг төв зах. Улирлын чанартайгаар өдөрт барагцаалбал 8000-10 000 тонн мах нийлүүлэгдэн, түгээгддэг аж. Том оврын автомашинтай зэрэгцүүлэн “Бонго”-д ачсан хонины гулууз, үхрийн хаа, гуя, өвчүү зарж буй хүүтэй тааралдав. “Годон” гутлаараа махныхаа булан, ирмэгийг гишгэлэн зогссон тэрбээр тун хэвлүүхэн нэгэн юм.
-Хаанахын махыг ямар үнэтэй зарж байгаа вэ?
-Сүхбаатар, Хэнтийгээс авч ирсэн мах байна. Хонины мах нэг кг нь 8400-8500, үхрийнх нь 9600, өвчүү кг-ыг нь 12 000 төгрөгт өгнө.
-Гутал, хувцас чинь нил тос болох нь. Махаа бас гишгээд байна уу даа. Хүмүүс чамаас мах худалдаж авахдаа зориулалтын хувцас, гутлын гадуур углааш өмсөхийг шаардахгүй байна уу?
-Задгай талбайд мах борлуулахад үүнээс өөр ямар хувцас өмсөх вэ. Худалдан авагчид юм хэлдэггүй. Би тэгээд ч махаа гишгээгүй, надаас хол хураалттай байгаа биз гэлээ.
Түүнчлэн мах худалдан авч байсан Баянгол дүүргийн иргэн Ж.Энхтуяа ийн ярив.
-Махны нийлүүлэлт болон үнэ хэр байна. Их хэмжээгээр мах авахыг харахад хоолны газар ажиллуулдаг уу, та?
-Тийм ээ. Баянгол, Сүхбаатар дүүрэгт хоёр ресторан ажиллуулдаг. Долоо хоногт хоёр удаа махаа татан авдаг. Нийлүүлэлт тасалдаагүй хэвийн, үнэ ч боломжийн байна. Өдийд махны үнэ хамгийн хямд байдаг л даа.
-Мах борлуулж буй орчныг хэрхэн үнэлэх бол. Борлуулагчид болон зөөдөг, жижиглэж янзалдаг хүмүүс нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцастай, бохир харагдах юм.
-Ийм нөхцөлд үйлчлүүлээд худалдаж, худалдан аваад хэвшиж дээ. Өвөл, зунгүй л задгай талбайд ийм байдлаар мах нийлүүлж, түгээдэг. Магадгүй сав баглаа боодолтой, “цэмцийсэн” мах зарж эхэлбэл үнэ нь өсөх биз. Манайх эндээс худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үс, ноосыг түүж, цэвэрлээд хоол хийдэг. Гомдоллох зүйл алга. Харин мал эмнэлэг, гарал үүслийн бичгийг нь бид сайн шалгадаг. Өвчтэй малын мах хэрэглэж л болохгүй хэмээн ярив.
Махыг бөөнөөр нь бус, бага хэмжээгээр худалдан авч буй хүмүүс ч тухайн орчноос ер сэжиглэж цэрвэсэн шинжгүй, хувцас эдлэл сонжиж буй мэт эргүүлж тойруулж, барьж, тэмтэрч байлаа.
Өдгөө малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол 10 аймгийн 33-34 сумын 350 орчим малчны хотонд гараад буй. Нийт 20 000-аад мал өвчилснийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн. Ийм эрсдэлтэй үед шүлхийтэй малын мах борлуулж буй, эсэхэд хэрхэн хяналт тавьж байгааг нь “Шонхор” захын малын эмч Х.Билгүүнбаяраас тодрууллаа. Тэрбээр “Шүлхий болон бусад өвчнөөр өвдсөн малын мах идэхээс болгоомжлох нь зөв. Гэхдээ шүлхий нь зоонозын өвчин биш учраас мал, махнаас хүнд халддаггүй гэдгийг ойлгох учиртай. Мөн Говь-Алтай, Ховд, Баянхонгор зэрэг баруун аймгийн нутагт үхрийн шүлхий өвчний тархалт өндөр байна. Харин манайх Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос нийлүүлсэн махыг борлуулж буй. Шүлхийн дэгдэлт өндөр байгаа аймгуудад ялангуяа үхэр нядлахгүй байгаа. Айл өрхүүд ахуйн хүрээндээ нядалсан ч аймгийн хилээр гаргахгүй, Улаанбаатар луу мах нэвтрүүлэхгүй гэсэн үг. Бид “Шонхор”-т борлуулж буй махны төрөл бүрээс өдөр бүр дээж авч, шинжилж, сорьцоо хадгалдаг. Одоогоор ямар ч зөрчил илрээгүй” гэв. Харин мах борлуулагчдад ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахуйц орчин бүрдүүлэх, хувцаслах, гутлынхаа гадуур ариун уут углах, хормогч, бээлий өмсөх шаардлага тавьдаг ч хэрэгжүүлэх хүн цөөн байгааг Х.Билгүүнбаяр онцлов. Ер нь “Шонхор” ч гэлтгүй мах борлуулдаг бусад зах, худалдааны төвд нөхцөл байдал сайнгүй харагдах нь олон. Бид ер нь мах болон хүнсний бүтээгдэхүүн борлуулах орчны ариун цэвэр, эрүүл ахуйд төдийлөн шаардлага тавьдаггүй, бохир орчинд нь дасаж орхиж гэлтэй.