Сонгинохайрхан дүүргийн XX хороо, “Тавантолгой түлш” компанийн баруун түгээх төв дэх сайжруулсан түлшний үйлдвэрийн барилгад гал гарсан дуудлагыг өчигдөр 05.00 цагийн үед Онцгой байдлын газарт ирүүлжээ. Гал түймрийн улмаас нүүрс хатаалга, савлагааны цехийн нийт 1200 гаруй ам метр талбай бүхий барилга шатаж байсныг таван цаг зарцуулан унтраасан аж. Харин үндсэн тоног төхөөрөмжийн дийлэнх нь буюу үйлдвэрлэлийн 10 шугамын долоо нь хэвийн ажиллагаатай үлджээ. Ингэснээр “Сайн” түлш бэлтгэх үйл ажиллагаа тасалдахгүй, бүтээгдэхүүн нийлүүлэлт хэвийн үргэлжлэхийг “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар дурдлаа. Түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар нийслэлийн Цагдаагийн газрынхан болон гал түймрийн шинжээчид ажиллаж эхэлжээ. Гал унтраахад Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэр унтраах 14, 18, 26, 29, 30 дугаар ангийн алба хаагчид оролцсон аж.
Бэлтгэсэн С.Дулам