Ковидын хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгө 188 000 байсныг нэмж, 288 000 төгрөг болгосон. Харин 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр уг нэмэгдлийг хасаж, ковид тархахаас өмнө олгож байсан үндсэн мөнгө буюу 188 000 төгрөг олгож эхэлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгасныг эсэргүүцэж, Хэвлэлийн хүрээлэнд дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэд хөгжлийн бэрхшээлтэй байнга асаргаанд байдаг иргэд багадаа 400 000 төгрөгийг эм тарианд зарцуулдаг. Гэтэл улсаас олгож буй мөнгө хүүхдийн эм битгий хэл, жихэвчийг нь авч чадахгүй байхад тэтгэмжийг хавтгайрсан нэрийн дор биднийг гадуурхаж байгаад харамсаж байна. Үндсэндээ төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өлсөж үх, өвдөж үх гэлээ хэмээсэн юм.
Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж, шаардлага хүргүүлэх юм байна.
Тэмүүлэн: Над хүмүүст ажил олддоггүй учраас 4 хананы дунд амьдралаа бардаг
-Би хүнд хэлбэрийн тархины саажилттай. Ам бүл дөрвүүлээ, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр бас группт байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсөж байна. 188 мянган төгрөг хүрэлцэхгүй байна. Ирэх тавдугаар сараас цахилгааны үнэ өснө. Энэ хорвоод удаан амьдрах, эсэх нь тодорхой бус над шиг хүнд хэлбэрийн саажилттай залуу дөрвөн хананы дунд хэвтэж байдаг. Бидэнд тохирсон ажлын байр олгохгүй байж, халамжийн мөнгийг нь битгий хасаач.
Д.Ганбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аргаа бараад шаардлага тавьж байна
-Бидний дуу хоолойг төрд хүргэж өгөөч. Аргаа бараад туйлдаад шаардлага тавьж байна. Болж өгвөл бид төрд гоншигнодоггүй. Өөрсдөө асуудлаа шийдэх гэж хичээдэг. Төрийнхөн индрийн араас ХБИ иргэдийн ажлыг байрыг дэмжинэ, халамжилна гэж том ярьдаг. Гаргасан шийдвэр хэрэгжүүлж буй байдал нь хүндээ хүрэхгүй эрхийг нь зөрчиж, бид доод түвшинд амьдарч байна. Сүүлийн үед эдийн засаг улам хүндэрч бараа бүтээгдэхүүн өслөө. Авах мөнгө улам багаслаа. Энэ ямар санаа вэ. Тайлбар өгөөч. Өвтгөж алах гэж байна уу, өвтгөж алах гэсэн юм уу. Ковидын хуулиа сунгачхаад энэ мөнгөө хасах ёсгүй. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй бидэнд хатууххаж байгаа юм. Олон улсын өмнө Монголын хүлээсэн үүрэг бий. Үүргээ биелүүл. Үгүй бол олон улсад хандана.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн халамжийн асуудлыг судалж байна
-Ковидын хуулийн хугацааг сунгахаас өмнө төсөв баталсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж, нийгмийн даатгалаас чөлөөлж, ААНБ-уудад дэмжлэг үзүүлсэн. Мөн тог цахилгааны үнийг чөлөөлж, нүүрсний үнийг хөнгөлсөн. Зээлийн төлөлтийг хойшлуулсан зэргээр 4.3 тэрбум төгрөг зарцуулсан. Төсөв хэлэлцэх үед тог цахилгааны мөнгийг улс даая. Хүүхдийн мөнгөний нэмэгдлийг хэвээр үлдээе. Энэ мөнгө өрх бүрт хүрнэ. Цаашдаа эдийн засгаа сэргээх, ажлын байр нэмэхэд түлхүү анхаарах төсөв баталсан. Харин омикрон олон улсад бүртгэгдсэнээс үүдэн Ковидын хуулийг сунгасан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн нэмэгдлийн асуудлыг судалж байна. Эхний ээлжид шаардлагад өрхөд хүнс тэжээлийн тусламж үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хороо, дүүргийнхээ халамжийн ажилтанд хүсэлтээ гаргаарай. Бид асуудлыг орхихгүй судалж, гарц гаргалгаа хайж байна.