Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Улмаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн болон Үндэсний хөгжлийн газрыг татан буулгав. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хариуцуулахаар болжээ. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг ажиллуулах бололтой.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн, Төрийн захиргааны удирдлагын, Хөгжлийн судалгаа, шинжилгээний болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын гэсэн долоон газар, найман хэлтэс, 80 орон тоотой байх нь. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, Төрийн захиргааны удирдлагын болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын гэсэн зургаан газар, найман хэлтэс, 87 орон тоотой ажиллана.
Бэлтгэсэн У.Наран