Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дани Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (DANIDA)-н шугамаар “Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-аас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн багийнхантай уулзлаа. Уг төслийн зорилго нь орлого багатай өрх, иргэдийг чадавхжуулах замаар ядуурлаас гаргах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм. Төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь зэрэг аймгуудыг хамруулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Уулзалтад төслийн Дани талын ажлын хэсгийн ахлах зөвлөх ноён Ёрган Рингаард болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж төслийн хэрэгжилтийн талаар товч танилцуулаад цаашид яамны холбогдох бодлогын газруудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд төслийн хүрээнд зорилтот хүн амын бүлгүүдийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг бизнес хөгжлийн бүлгийн үйл ажиллагаанд хамруулах, улмаар ажлын байр бий болгоход хамтран ажиллахаар тохиролцов.