Adventure races буюу адал явдалт уралдаан бол орчин цагийн хүмүүсийн авхаалж самбааг сорьсон гойд сонирхолтой спорт. Албан ёсоор Олон төрөлтийн адал явдалт уралдаан хэмээн нэрлэдэг бөгөөд спортын төрлүүдийн холимог юм. Тодруулбал, гүйлт, уулын дугуй унах, сэлүүрт завиар явах, сэлэлт, хаданд авиралт гэх мэт төрлүүдийн нэгдэл гэж болно. Уралдаан 2-10 болон үүнээс олон хоног үргэлжилдэг. Богино зайн уралдаан спринт шиг ганц өдрийн дотор, заримдаа хэдэн цагийн хугацаанд ч зохион байгуулж болдог. Уралдаанд оролцогчид шөнө, харанхуйд ч уралдаж л байдаг нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, зогсож, амрахгүйгээр уралдах, эсэхээ оролцогчид өөрсдөө шийддэг байна. Хүсвэл амарна, ингэхдээ хаана буудаллахаа өөрөө сонгоно. Экстрим уралдаанд тооцогддог бөгөөд ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулдаг. Сонгодог, олон улсын багийн формат буюу “3+1”, тодруулбал, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, тэдний нэг нь эсрэг хүйсийнх байх ёстой.
Энэ спортыг 1968 онд анх зохион байгуулсан Карриморын олон улсын уулын марафон (Karrimor international mountain maratеhon)-оос үүдэлтэй гэдэг. 1980 онд Шинэ Зеландад “Альпын төмөр хүн” тэмцээн болж, бие даасан оролцогчид гүйж, ширүүн урсгалтай голд хөвж, цанаар гулган алсын барианд хүрчээ. Үүнээс гадна дугуйт тэшүүр, уулын дугуй, сэлүүрт завь зэрэг олон элемент багтаасан “Эргээс эрэг рүү” уралдаан бий. Энэ мэтээр төрөл бүрийн спортын холимог уралдаан цөөнгүй болсоор адал явдалт уралдаан 1989 онд “төржээ”. Парис-Дакарын раллигаас урам зориг авсан Жералд Фюсел уралдааныг зохион байгуулж, оролцогчид өөрсдийн хүч чадал, чадварт тулгуурлан асар хүнд хэцүү газар нутгийг “амлан авч” туулжээ.
Адал явдалт уралдаануудын дийлэнх нь улс хоорондын гүйлт, уулын дугуй болон сэлүүрт завийг багтаасан байдаг бөгөөд уулнаас олсоор буух төрөл ч багтах нь түгээмэл. Адал явдалт уралдааны сонирхол татахуйц ихэнх хэсэг нь гэнэтийн зүйлээс үүдэлтэй. Зохион байгуулагчид ер бусын чиглэл, эсвэл гэнэтийн сорилтуудыг бий болгосноор оролцогчдын авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг шалгадаг. Гэнэтийн “бэлэг” нь скүүтер, дугуйт тэшүүр, морь, тэмээ унах, шүхрээр үсрэх, дельтаплан хийх гэх мэт таамаглашгүй даалгавар оруулна. Дүрмийн хувьд байгаа, байхгүй гэхдээ хэцүү. Адал явдалт уралдаан зохион байгуулах нэгдсэн дүрэм байдаггүй. Гэхдээ гурван үндсэн зарчим баримталдаг аж. Тодруулбал, моторт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно. Гадны аливаа тусламж, боломжийг (өөрчлөлтийн бүс дэх зохион байгуулагч, туслах бүлгүүдийнхээс бусад) ашиглаж болохгүй. Харин зарим онцгой тохиолдолд өрсөлдөгч багийн гишүүдээс тусламж авахыг зөвшөөрдөг. Багууд уралдааны явцад шаардлагатай тоног төхөөрөмж, ачаа хэрэгслүүдээ байнга үүрч буюу биеэс салгахгүй авч явах ёстой.
Бэлтгэсэн Э.Хана