Төрийн бус байгууллагын тухай хуулийг “Холбооны эрх зүйн байдлын тухай” хууль болгон нэрийг нь өөрчилж , шинэчлэн найруулжээ. Уг хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Өмнөх хуулийг дараах агууллагаар шинэчилжээ. Тодруулбал:
- Холбооны хуулийг иргэний хуульд зааснаар ашгийн төлөө бус, хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулан тусгалаа.
- Эрх зүйн байдлыг тусгай хуулиар тогтоосон албаны мэргэжлийн холбоод нийтийн чиг үүргийг гүйцэтгэж буй нийтийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллагаас ялгах бөгөөд эдгээр байгууллагад хамаарах хуулийн үйлчлэлийг тодорхой боллоо.
- Холбооны ач холбогдлыг чухалчлан тавих шаардлагыг нарийвчлан зохицуулахаас гадна ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дотоод засаглалыг хэрэгжүүлэх нөхцлийг тусгалаа.
- Холбооны санхүүжилтийн тогтвортой байдалд анхаарч, аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүндээ заасан зорилгодоо зарцуулах, дүрмийг нарийвчлан тодорхойлох болсон.
- Онцлог бүхий мэргэжлийн холбоо, эдийн засгийн холбоог тодорхойлж онцлог шаардлага, төрийн байгууллагатай хамтран ажиллах давуу эрх эдлэх эрхийг нарийвчлан тусгалаа.
- Төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцлийг үл ялгаварлах, нээлттэй ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэх байдлаар төрийн бус байгууллагуудын өрсөлдөх боломжуудыг хязгааргүй байх замаар нийтлэг зарчимд нийцүүлэн төр холбоодын хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тогтоолоо.
- Түүнчлэн холбооны хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа болон нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж, төрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой санхүү, татвар үйл ажиллагааны тайлангаа холбогдох байгууллагад гаргадаг байдлаар тусгалаа.
- Нийтэд тустай үйл ажиллагааны төрөл хэлбэрийг жагсаан тодорхойлж, эдгээр үйл ажиллагааг эрхэлж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдийг уг үйл ажиллагаанд хандив өгсөн аж ахуй нэгжийн татварыг тодорхой хязгаарлалтын хүрээнд татвараас хөнгөлөх, төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх, давуу байдал олгох эрх зүйн зохицуулалтыг тусгалаа.
- Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, суурь тогтолцоог бүрэлдүүлэх зорилгоор иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлаар төртэй харилцах зөвшилцөх холбон ажиллах чиг үүрэг бүхий иргэний нийгмийг дэмжих зөвлөлийг байгуулах, эрх зүйн үндсийг тогтоолоо.
- Нийтэд тустай үйл ажиллагаа болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагааг дэмжих, иргэний нийгмйин нийтлэг хөгжил, чадавхийг бэхжүүлэх, сурталчилах, үйл ажиллагааг санхүүжүүлэх бүхий иргэний нийгмийг дэмжих сан байгуулан ажиллах бөгөөд тус сангийн санхүүгийн эх үүсвэрийг гадаад улс, олон улсын байгууллага, Монгол болон гадаадын иргэн, хуулийн этгээд, иргэдийн хандив тусламж, банкны хүү зэрэг бусад эх үүсвэрээс бүрдэхээр тодорхойллоо.
Энэхүү хуулийн төсөл батлагдснаар иргэний төлөө, ашгийн бус хуулийн этгээдийн төрлөөр буюу холбоо сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил арилж, нэгдсэн зохицуулалттай болохоос гадна холбооны санхүүжилтийг тогтвортой болгох боломж бүрдэж, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана.
Түүнчлэн Монгол Улсын тухай хуулиар батлагдсан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг холбооны ил тод, хариуцлагатай байх зарчмаар дамжуулан хэрэгжүүлэх боломж бүрдэх тул Хүний эрхийг хангах чиглэлд эерэг нөлөө үзүүлнэ” гэлээ.