Цар тахлын улмаас олон улсын тээвэр зууч, ложистикт хүндрэл үүсэн, ачаа эргэлт удааширч, хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагаанд саад учирсан нь үнэн. Улс орнууд хилийн хорио цээр тогтоон, коронавирусийн халдвараас иргэдээ сэргийлэх зорилгоор янз бүрийн шаардлага хөршүүдэдээ тавьж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ манайх шиг олон улсын ачаа эргэлт нь бараг “зогсон”, импортын бүтээгдэхүүнийхээ 60 орчим хувийн татан авдаг гол боомтоор автамашин нэвтрүүлэхгүй гурван сар болсон нь цөөн байх. Гол боомт буюу Эрээн-Замын-Үүдийн чиглэлд тээвэр хийдэг, Улаанбаатар руу ачаа зөөдөг 7000 орчим жолоочийн төлөөлөл ажлаа хийх боломж бүрдүүлэхийг шаардан удаа дараа мэдэгдэл хийж, өчигдөр ч Зам, тээврийн хөгжлийн яамны гадна талбайд цуглан холбогдох албан тушаалтнуудтай нь уулзаж тайлбар авахыг хүслээ. Тэд ийн ярьж байна.
Баянзүрх дүүргийн иргэн А.Гантулга “Би Замын-Үүд-Эрээн-Улаанбаатар чиглэлд ачаа зөөгөөд таван жил орчим болсон. Эрээний боомтоор автомашин нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлан, зорчих тоог нь цөөрүүлсэн буюу өнгөрсөн наймдугаар сараас хойш автомашинаа хөдөлгөөгүй. Дугаарлаж байгаад Эрээн рүү орохын өмнөхөн хил хаасан. Эрээн, Замын-Үүдийн дундын бүсээс чингэлэг тээж, Замын-Үүдэд хүргээд улмаар Улаанбаатар руу ачаа зөөхөөр тооцон автомашинаа тоноглосон ч үр дүнд хүрсэнгүй. Жолооч нараас коронавирус илэрсэн, халдвар тараах эрсдэл үүсгэсэн тохиолдол байхгүй. Бид ядаж дундын бүсээс ачаа зөөж, орлого олох сон. Ийм нөхцөл бүрдүүлж өгөөч” гэв. Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Мөнхболд “Хэдэн мянган автомашин сул зогсон, жолооч нар ажилгүй байсаар атал Эрээн-Замын-Үүд чиглэлд цэргийн албаныхнаар жолооч хийлгэн, ачаа зөөлгөх юм гэнэ. Мөн ачаа эргэлтийг сайжруулах зорилгоор гурван тэрбум төгрөг төсөвлөсөн гэж ч байна. Гэтэл олон жил энэ чиглэлд ачаа зөөсөн, ажлаа мэддэг хүмүүс нь хэдэн сар ажилгүй сууна. Цаашид эл асуудлаа хэрхэн шийдвэрлэх юм бэ. Эрээнээс ачаа огт хүлээн авахгүй биш, чингэлгээр авч ирэн дундын цэгт буулгаж байгаа. Ийм ачааг авч буй хүмүүс нь нэг шоо метр орчим хэмжээтэй барааны үнэд жирийн үеийнхээс 3-4 дахин нугалсан хэмжээний буюу 2.5 сая орчим төгрөг төлж буй. 70 орчим тоннын багтаамжтай нэг автомашины ачааг 3-4 чингэлэгт хувааж хийж зөөхөөр үнэ нь 3-4 дахин өсөх нь зүй биз дээ. Хятадууд янз бүрийн шаардлага тавиад ачаа эргэлтийг сааруулж байна гэж буй ч манай талаас тээвэрчид болон ард иргэдийнхээ эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гаргаж, зөвшилцөж чадахгүй юм. Хэдий болтол ийм байдал үргэлжлэх вэ” хэмээв.
Эрээнээс чингэлгээр оруулж ирж буй ачааг хилийн тэг цэг буюу дундын бүсэд Хятадын талын жолооч нар буулган манайх ачиж ирэх байдлаар зохицуулж эхэлсэн ч оруулж ирж буй ачааны хэмжээ бага, тээврийн зардал хэт өндөр байгаа аж. Мөн дарааллын дагуу ачаа ирэхгүй, удаан хүлээлгэж буйг ч захиалагчид нь хэлсээр. Эл асуудлыг хэрхэн зохицуулах болон жолооч нарыг ядаж чингэлэг зөөх боломж бүрдүүлэх, эсэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнуудаас лавлахад “Цэргийн алба хаагчдаар жолоо бариулах болон ачаа эргэлтийг сайжруулахад гурван тэрбум төгрөг зарцуулах, эсэхийг манайх мэдэхгүй. Шадар сайдын ажлын албаныхан мэднэ” гэв. Тэгвэл Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Б.Мөнхбаатар “Манай талаас шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Хилийн тэг цэгийг тохижуулж, чингэлэг буулгаж, ачих нөхцөл бүрдүүлсэн. Гэтэл урд хөршийн зүгээс тэг цэг рүү монгол жолооч нарыг олноор нь оруулбал эрсдэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэсэн шалтгаан хэлж чингэлэг цөөн ирүүлж байна. Тиймээс ЗХЖШ-ынхнаас (хугацаат цэргийн албан хаагчид биш) хүн хүч гаргуулж, цэрэгжүүлсэн байдлаар ачаа зөөлгөвөл ариун цэврийн шаардлагад нийцэх болов уу гэж тооцон ийм санаачилга гаргасан нь үнэн. Гэхдээ эл ажлыг эхлүүлээгүй байна. Харин гурван тэрбум төгрөг зарцуулах тухай сонсоогүй. Үүнээс гадна Эрээнд буй ачааг захиалж, прэсслүүлж, бэлэн болгосон дарааллаар авах ч боломж алга. Ачаа илгээгчид нь өөрийн захиалагчдын барааг түрүүлж ачуулах, илүү үнэ өртөг авах хандлага гаргаж буй юм билээ. Энэ талаар Замын-Үүд боомтын зөвлөл илүү тодорхой мэдээлэл өгөх байх” гэсэн юм. Замын-Үүд боомтын зөвлөлийн дарга н.Лхачинсүрэнтэй утсаар холбогдоход “Эрээн-Замын-Үүдийн боомтоор автомашин хэзээ хэвийн нэвтрүүлэх талаарх шийд байхгүй. Хоёр талаасаа хэлэлцэж, ярилцаж буй. Одоогоор үүнээс өөр хэлэх зүйл алга” гэв. Эрээн-Замын-Үүд чиглэлд ачаа зөөж буй автомашины тоо цөөн, тээврийн зардал улам бүр өссөн хэвээр байна. Тээвэрчид дээрх чиглэлд ачаа, бараа зөөж ахуй амьжиргаагаа залгуулдаг учраас ажлаа хийх боломж олгохыг шаардан, ашигтай тохиролцоо хийхийг хүсэж буй ч үр дүнд хүрсэнгүй. Нөгөөтээгүүр, албаныхны хэлснээр манай талаас шаардлагатай арга хэмжээг авсан ч урд хөршийн таалалд нийцэх нь ховор учраас яах ч арга алга гэлцэж буй юм. Эрээнд гацсан ачаагаа авах гарц одоогоор байхгүй ажээ. Хаана хаанаа харзнах, хүлээх л үлдэв бололтой.