Манай орны ихэнх гол, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-45 см нимгэн байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Гол, нуурын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нягтшил бага буй тул мал туух, тээврийн хэрэгсэлтэй зорчиход өндөр эрсдэлтэйг анхааруулав. Голын мөсөн бүрхүүл 50-80, нуурынх 110-150 см болсон үед хэвийн буюу аюулгүй түвшинд хүрсэн гэж үздэг байна. Энэ үед гол, нууран дээгүүр зорчих, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрдөг. Тэгвэл дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гол, мөрний мөсний нягтшил жилээс жилд багасаж, хэврэгшин, хайлах хугацаа нь наашилсаар буйг цаг уурчид хөндөж байна. Одоогийн байдлаар гэхэд манай орны нийт гол, нуурын 70 орчим хувийнх нь мөсөн бүрхүүл хангалттай хэмжээнд бэхжээгүй байгааг дээрх хүрээлэнгийн Ус судлалын салбарынхан хэлэв. Нийт гол, нуурын 60 хувьд 40-80, 30 хувьд 0-40, 10 хувьд 80 буюу түүнээс дээш см зузаан мөсөн бүрхүүл тогтсон гэж үнэлжээ.
Бүс нутгаар нь авч үзвэл Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг, манай орны баруун хэсгийн гол, нууруудын мөсний “чанар”, зузаан хамгийн муу байгаа аж. Тодруулбал, Ховд, Буянт, Завхан, Чонохарайх, Хархираа, Тэс голын мөсний зузаан 25-40 см байна. Чигэстэй, Зүйл, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Түйн голынх 36-54 см буй нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож буй юм. Ташрамд дурдахад, он гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрч, иргэд ямар нэг байдлаар хохирсон тохиолдол дөрвөн удаа гарчээ.
Бэлтгэсэн Ж.Сувд