Монголын шагайн харвааны холбооноос Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар Монголын шагайн харваан холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Отгонбаяр "Монголын спортын корпорац ЮНЕСКО-д бүртгэгдсэн үндэсний өв соёлын уламжлалыг эвдэх, харваачдыг хагаралдуулах, нэр өөрчлөх, Монголын шагайн харвааны холбоог үгүйсгэх үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй шагайн харваачид хичээллэж, сэтгэлийн таашаал авч, өв уламжлалаа хадгалж ирсэн.
Нэг ч удаа хичээллэж үзээгүй Монголын спортын корпорацын Гүйцэтгэх захирал Б.Хосбаяр болон Н.Мөнхдэлгэр, Н.Мягмарсүрэн нар шагайн харваан уламжлагдан ирсэн дүрэм журмыг өөрчлөн, Олон Улсын Шага Монголын холбоо гэх нэрийн дор ирэх Бямба, Ням гарагт зохион байгуулагдах тэмцээнд оруулах гэж байгааг эсэргүүцэж байна.
Шагайн харваа нь маш их ёс жаягтай. Жишээлбэл, улаан хасааг газар тавьдаггүй юм. Энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Шагай харваж байгаа хүмүүсийн 80 хувь нь залуус байдаг. Эмэгтэйчүүд эрт үеэс шагай харваж байгаагүй. Учир нь эртнээс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ дээдэлдэг байсан тул шагай харвах зэрэг эр хүний тоглоомоор тоглодоггүй байсан. Үүгээрээ эмэгтэйчүүдийг шагай харвуулахгүй гэж хэлж байгаа бус ийм дэг жаягтай тоглоом байсан нь одоог хүртэл хадгалагдаж ирсэн түүхтэй гэдгийг хэлж байгааг ойлгоорой.
Спортын өв уламжлалыг өөрчлөн, эд хэрэглэлийг ашиглан өөр тэмцээн уралдаан зохиох бол холбооноос зөвшөөрөл авч, зөвшилцөх ёстой. Бид Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлсэн. Энэ талаар Соёлын яамд мөн хэлсэн. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хатуухан эсэргүүцэл үзүүлнэ" гэлээ.
Монголын спортын 15 холбоо хамтарсан Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхэлнэ. Тус холбоодын нэг нь Олон Улсын Шага Монголын холбоо юм.