Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар нийтийн албан тушаалтан нь тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Авлигатай тэмцэх газар 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Авлигын эсрэг хуулийн холбогдох заалт, Улсын Их Хурлын тогтоолоор баталгаажсан “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам”-д зааснаар төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан юм.
2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар “нийтийн албан тушаалтан” гэх харьцангуй шинэ нэр томъёо бий болсон бөгөөд уг хуулийн дагуу нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэг дээрээ нэмж хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх болсон билээ.
Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар 16 дахь удаагаа улсын хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах дунджаар 45 мянга гаруй албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, нийтэд мэдээлэх, хянан шалгах үйл ажиллагааг зохион байгуулаад байна.
2021 онд төрийн өндөр болон түүнтэй адилтгах 311, төрийн улс төрийн 7741, төрийн захиргааны 12141, төрийн тусгай 13445, төрийн үйлчилгээний 5700, бусад 4354, нийт 43692 албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлсэн нь улсын хэмжээнд 100 хувийн дүнтэй байв.
Анхны жил 1200 орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөөгүй, 750 гаруй албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж байсан бол өдгөө 100 хувийн оролцоотойгоор мэдүүлдэг болсон нь Авлигатай тэмцэх газраас тусгайлан мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж, цахим технологийн шинэчлэлийг шат дараатай нэвтрүүлж байгаагийн үр дүн төдийгүй нийтийн албан тушаалтнууд хуульд заасан үүргээ чанд хэрэгжүүлэн ажиллаж буйн илэрхийлэл юм