Цахим гарын үсгийн тухай хууль хүчингүй болох нь. Хэрэгжилт нь туйлын хангалтгүй, 38 407 хүнд тоон гарын үсэг олгосон ч цөөн хэд нь нийгмийн даатгалын тайлан, цахим тендерт оролцохдоо үүнийгээ хэрэглэснийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс 2011 онд баталсан хуулийг хүчингүй болгож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгцээ шаардлага хангахуйц хуулийн шинэ төсөл боловсруулснаа УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны чуулганаар батлуулав.
Цахим гарын үсгийн тухай хуулийг энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлснээр Монгол Улсын насанд хүрсэн 2.3 орчим иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг төлбөргүйгээр олгох юм. Мөн 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Үүнээс гадна гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэнэ хэмээн хуульд тусгажээ. Хуулийн этгээд болон хашиж байгаа албан тушаал дээрээ цахим гарын үсэг авах боломжтой. Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо тоон гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмж, цаасан суурьтай хэрэглээнээс татгалзах нь ээ, төрийн албаныхан.
Цахим гарын үсгийн хуулиар бүртгэлийн байгууллага хувийн байгууллагуудыг гэрчилгээжүүлж, тоон гарын үсгийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь олгожээ. Өөрөөр хэлбэл, тоон гарын үсгийг олгох эрх бүхий байгууллагууд бүх төрлийн зөөврийн хэрэгсэл дээр иргэний гарын үсгийг суулгах үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Мөн үүрэн холбооны операторууд иргэний гар утасны сим карт дээр тоон гарын үсэг суулгана. Харин иргэд гар утсан дээрээ “E-Mon¬golia” аппликэйшн суулган, сим карт дахь гарын үсгээрээ төрийн байгууллагаас үйлчилгээ авах юм.
Ирэх тавдугаар сард эл хуулийг хэрэгжүүлж эхэлснээр иргэд бичиг цаас болж нааш цааш гүйх шаардлагагүй. Наад зах нь цалингийн зээл авахын тулд заавал өөрийн биеэр банканд очихгүй, байгаа газраасаа тав, арван минутад гарын үсгээ илгээж, ажлаа бүтээх боломжтой гэсэн үг. Мөн эмэгтэйчүүд жирэмсэн эхийн 40, цалинтай ээжийн 50 мянган төгрөгөө тоон гарын үсгээ ашиглан ямар ч чирэгдэлгүйгээр авна. Тоон гарын үсгээ аваад холбогдох байгууллагууд руу илгээсэн байхад заавал биечлэн очилгүй хэрэгцээтэй үйлчилгээгээ авна гэж албаныхан тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрсэн хэн бүхэн тоон гарын үсгээрээ өөрийнхөө хэн гэдгийг баталгаажуулж, “Е-Mongolia”-д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээ, мөн хувийн хэвшлийн бусад үйлчилгээг гэрээсээ, ажил дээрээсээ авах юм. Энэ хуулийг хэрэгжүүлснээр Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ч ач холбогдолтой гэсэн. Төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөөд дараалан зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг нь замын түгжрэлд ч хувь нэмэр оруулдаг. Тэгвэл Цахим гарын үсгийн тухай хууль эл байдлыг хална. Гэхдээ уг хуулийг хэрэгжүүлэхэд төрийн албаныхны манлайлал хэрэгтэй. Нөгөө л хүнд суртал, хариуцлагагүй байдлаа засахгүй бол хууль өмнөх шигээ “амьгүй” байсаар нэг л мэдэхэд нийгмийн хэрэгцээ шаардлага хангахгүй нэрийдлээр хүчингүй болгож мэдэх юм.
Тоон гарын үсэг гэдэг нь дахин давтагдашгүй цифр өгөгдөл аж. Иргэн гарын үсгээ цаасан дээр бичиж, зургийг нь дараад зорьсон газар луугаа илгээвэл энэ нь цахим буюу тоон гарын үсгийг төлөөлж бас болох аж. Иргэн тоон гарын үсгээ зориулалтын төхөөрөмжид уншуулахад тоон гарын үсгийн гэрчилгээ гарч ирэх бөгөөд дотор нь төрсөн он, сар, өдөр зэрэг иргэний мэдээлэл байна. Энэхүү цифр өгөгдөлтэй тоон гарын үсгийг ямар хэлбэрээр авахаа иргэд өөрсдөө сонгохоор хуульд тусгажээ. Цахим гарын үсгийн тухай хуулиар иргэн хоёр жил тутамд мэдээллээ шинэчилж, цахим гарын үсгээ сунгуулна. Жилд дунджаар 45 000 иргэнд шинээр иргэний үнэмлэх болон тоон гарын үсэг олгоно гэж тооцжээ.
Гадаад улс орнууд ямар зорилгоор тоон гарын үсгийг ашигладгийг сонирхлоо. Израилын Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим хэрэгслийг ашиглан хувь хүнийг баталгаажуулж, гарын үсэг зурсан нотолгоо болгодог. Ингэж цахим хэлбэрээр, ялангуяа интернэтээр дамжуулан аливаа үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Турк улсын хуулиар цахим гарын үсэг хэрэглэх болон цахим гарын үсэгт тавигдах техникийн болон хууль зүйн шаардлагуудыг тодорхойлдог. БНСУ-д Цахим гарын үсгийн тухай хуулийг цахим гарын үсгийн эрх зүйн үндсийг бий болгох замаар хүмүүсийн амьдралын тав тухыг дээшлүүлэх, цахим мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангах гэж баталсан.
Манай улс Цахим гарын үсгийн тухай хуулийн төслөө боловсруулахдаа Эстони улсын туршлагыг судалжээ. Өөрөөр хэлбэл, Эстони улсын Засгийн газрын дэргэд цахим шилжилтийг хариуцдаг академийнхнаас мэргэжлийн зөвлөгөө авч, экспертүүдийг нь урьж, тус улсын загварыг эх орондоо нутагшуулахаар зорьж буй. Улмаар тус улсын Засгийн газрын цахим академитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Мөн Цахим гарын үсгийн тухай хуультай уялдаа холбоотой хэрэгжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-аас баталсан. Тухайлбал, Нийтийн мэдээллийн тухай хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтгасан. Тодруулбал, цахим баримт бичгийг, цаасан баримт бичигтэй ижил түвшинд байх хууль, эрх зүйн боломж бүрдүүлжээ. Мөн 67 багц мэдээллийг нээлттэй болгосон. Өмнө нь эдгээр мэдээллийг байгууллагын нууц нэрийн дор нийтэд дэлгэдэггүй байв. Нэгэнт нээлт тэй болгосон учир мэдээллүүдийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр ашиглах болох нь. Кибер аюулгүй байдлын тухай хууль цахим гарын үсэг, төрд цуглуулж байгаа нийтийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийг хэн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа буюу мэдээлэл хариуцагч тал аюулгүй байдлыг нь хангах, алдагдахаас сэргийлнэ. Тухайлбал, төр иргэдийн мэдээллийг цуглуулж, ашигласан тохиолдолд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Гэхдээ мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулахыг хоригложээ. Мөн ямар ямар мэдээллийг цуглуулж болохгүй вэ гэдэг ангиллыг эл хуулиар тодорхой болгож өгчээ.