Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай бүс болгон, бүх төрлийн үйлчилгээ явуулахад тулгарч буй дарамтыг багасган, төрийн албаныхны хүнд суртлыг арилгаж, төрөл бүрийн шалгалтыг цөөрүүлнэ хэмээн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Улмаар бизнес эрхлэхэд олгодог, заавал сунгуулдаг 74 зөвшөөрлийг энэ оноос эхлэн авах, сунгуулах шаардлагагүй хэмээсэн нь иргэдийн сэтгэлд тун чиг нийцсэн шийдвэр болсон. Түүнчлэн шалгалтын давтамжийг бууруулж, цахим буюу дижитал хяналтын тогтолцоог нэвтрүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдийг зөрчил гаргасан тохиолдолд торгох, шийтгэхээс аль болох зайлсхийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгээ нийслэлийн ЗДТГ-аас уламжилсан. Тэгвэл дижитал хяналт гэж чухам юуг хэлж буй талаар албаныхан болон аж ахуйн нэгжүүд ямар ойлголт, төлөвлөгөө, хүлээлттэй байгааг сонирхлоо.
Чингэлтэй дүүргийн V хороонд ресторан, караоке ажилуулдаг Г.Ганхуягтай ийн ярилцав.
-Ресторан, караоке ажиллуулах зөвшөөрөл олгодог, уг зөвшөөрлөө жил бүр сунгуулдаг байсныг болиулсан нь таны ажлыг хэр хөнгөвчлөх бол?
-Зөвшөөрөл авахгүй, мөн сунгуулахгүй болсон нь ямар таатай хэрэг вэ. Нэгэнт зөвшөөрлөө авсан атал жил бүр л дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст хандан, сунгуулдаг байсан. Ингэж сунгуулахад талбайн хэмжээ, хоол үйлдвэрлэлийн орчны стандартыг ахин дахин магадлан шалгаж байв. Одоо бол үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө л асуудал үүсгэхгүй, хэрэглэгчид гомдол гаргахгүй бол үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэж ойлгосон.
-Дижитал хяналтыг сайжруулна. Цагдаа болон мэргэжлийн хяналтын газрынхан биеэр явж шалгахгүй, аль болох цахим байдлаар аж ахуйн нэгжүүдтэй харилцана гэж ярьж байна. Ийм шалгалт хяналтад бизнес эрхлэгчид хэрхэн бэлэн байх талаар ойлголт байна уу. Ер нь цахим хяналтыг бизнестээ ашигладаг уу?
-Ресторан, караоке ажиллуудаг иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол цаг хэтрүүлэн ажилласан, эсэх. Цагдаа нар ч хариуцсан хэсгээрээ бараг орой бүр явж, 00.00 цаг гэхэд хаасан байхыг шаардан, үйлчлүүлэгчид нь гарч өгөхгүй асуудал үүсгэдэг. Миний бодлоор цагдаа нар ингэж цагаа гарздаж байхаар тухайн обьектын камерын бичлэгийг түүвэрлэж шалгаад, хэдэн цагт хаасан, ямар зөрчил гарсныг мэдэж болох биш үү. Манайх гэхэд хоёр давхар, 300 гаруй ам метр талбай бүхий ажлын байртай. Өмнө нь заавал гурван харуул ажиллуулдаг байсныг өнгөрсөн оноос оройд л ирж хонодог нэг ажилтнаар сольсон. Үйлчилгээний заал, караокены өрөө бүрт камер суурилуулж, бичлэгээ нэг сар хадгалах боломж бүрдүүлсэн. Асуудал гарвал бичлэг шүүж шийдэхийг хичээдэг. Үүнийг би хувьдаа дижитал хяналт гэж ойлгож буй. Харин манай үйлчилгээний төвийн ойр орчинд камер байхгүй. Хэрэв цахим хяналтыг сайжруулъя гэвэл үйлчилгээний төвүүд, авто зам дагуу байнгын ажиллагаатай олон камер суурилуулах хэрэгтэй байх гэсэн юм.
Баянгол дүүрэгт зочид буудал ажиллуулдаг Ч.Лхагва-Од “Аливаа бизнес эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр хүчин зүйлээс л ашиг орлого олж, оршин тогтнох, эсэх нь шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын хамтын ажиллагаа юм. Гэтэл дундуур нь “ийм тийм зөвшөөрөл, журам дүрэм мөрд” гэсээр төр “ороод ирдэг”. Төрийн ийм оролцооноос л авилга, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Энэ жилээс бизнесийн орчин эрүүлжин, аливаа дарамт шахалт буурна гэж ойлгож хүлээж байна. Ямар ч байсан зочид буудал ажиллуулах зөвшөөрөл авч, ханандаа өлгөх хэрэггүй боллоо. Мэдээж манайх буудлынхаа хонгил, үйлчилэгчийн лангууны орчимд камертай. Илүү олон байршилд камер тавиулж, шаардлагатай бол шалгуулж, хянуулахад татгалзах зүйлгүй. Дижитал хяналт гэдгийг камержуулалт, алсаас тандан хянах л гэж ойлгож буй гэлээ.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ийн ярилаа.
-Дижитал хяналт гэж юу вэ. Тухайлбал, нийслэлд илүү олон байршил, объектод камер суурилуулан, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянана гэсэн үг үү?
-Энд тэндгүй олон камер тавиад, түүнийг ажиглаад суух нь дижитал хяналт гэж ойлгож болохгүй. Шаардлагатай байршилд камерууд мэдээж нэмж суурилуулж болно. Гол нь бид эрсдэлд үндэслэсэн хяналтыг л сайжруулахаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал, аль дүүргийн, хэддүгээр хороонд ямар хэрэг, зөрчил бүртгэгдэх нь элбэг байдаг талаарх судалгаанд үндэслэн хэрхэн хяналт тавихаа шийднэ гэсэн үг. Мөн төлөвлөгөөт шалгалтыг 50 хувиар бууруулж, шалгалтуудыг давхардуулахгүй байх даалгаварыг холбогдох байгууллагуудад нь НЗДТГ-аас өгсөн.
-Энэ нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчныг сайжруулах, элдэв дарамт, торгууль, шийтгэлээс ангидаар үйл ажиллагаа явуулахтай хэрхэн нийцэх юм бэ?
-Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагынхан торгох, шийтгэх бус, дэмжих, зөвлөн туслах чиглэлийг урьтал болгоно. Албаныхан байнга шахам явж хэв журам сахиулахыг цөөрүүлнэ. Шаардлагатай тохиолдолд камерын бичлэг ашиглан асуудлыг шийднэ гэсэн үг. Ер нь хяналтыг албаныхан бус, хэрэглэгчид өөрсдөө тавин, зөрчил дутагдал илэрвэл санал гомдлоо шийдвэрлэх байгуулагад нь хүргүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ. Иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд илт сөргөөр нөлөөлөх, хор уршигтай, онц ноцтой зөрчил гаргаагүй бол аж ахуйн нэгжүүдийг торгох болон бусад арга хэмжээ ногдуулахаас зайлсхийнэ. Ингэлээ гээд бизнес эрхлэгчид тайвширч, хууль бус үйл ажиллагаа явуулж, тогтоосон журмаас гажиж болохгүй. Огт хяналт шалгалтгүй, зөвшөөрөл, удирдамж авах шаардлагагүй боллоо гэж ч ойлгож болохгүй. Ил байсан хяналтыг далд хэлбэрт оруулж, хяналтыг иргэдэд шилжүүлж буй л хэлбэр. Түүнчлэн Улаанбаатарын хаана нь хэдэн камер суурилуулах, аж ахуйн нэгжүүд дижитал хяналтад бэлэн байхын тулд юу хийх талаарх зөвлөмж, удирдамжийг хараахан гаргаагүй байна гэв.
Улаанбаатар хотод сүүлийн 10 жилд 3800 гаруй цэгт нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр камер суурилуулжээ. Өнгөрсөн оны байдлаар эдгээрийн 40 гаруй хувь нь олон жил ашигласан учраас ажиллагаагүй болж, чанарын шаардлага хангахаа байжээ. Мөн бичлэгт бичигдсэн дүрс танигдахгүй, нотлох баримт болдоггүй зөрчил олон гардгийг нийслэлийн Мэдээллийн дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас дурдсан. Тиймээс энэ онд 7000 орчим цэгт камер суулгах бөгөөд ингэснээр Улаанбаатарын суурьшлын бүсийн 70 гаруй хувийг хянах боломж бүрдэх аж. Түүнчлэн зарим аж ахуйн нэгжийг камер суурилуулахыг шаардах юм байна. Эндээс харахад, дижитал хяналтыг нэвтрүүлэх эхний ээлжийн ажил нь камержуулах байх нь. Харин камерын хяналтыг хэрхэн хийх, иргэдийн хувийн мэдээллийг яаж хамгаалах талаарх асуудал хоёрдугаарт яригдах нь. Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан бүтцийн өөрчлөлт хийж буй аж. Чиг үүргээ тодотгох, цахим хяналтад шилжсэнээр хаана ямар ажлын байрны орон тоог цөөрүүлэх, эсвэл нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгааг Олон нийттэй харилцах хэлтсээс нь дурдсан. Ер нь цахим хяналтын системийг нэвтрүүлэх нь дунд, урт хугацаанд тасралтгүй хийгдэх ажил учраас одоогоор төлөвлөгөө боловсруулж, хэн, хэрхэн ажиллах, юуг бэлтгэж зэхэх талаар судалж байгааг албаныхан онцлов.