Парисын Нантеррегийн их сургуулийн, түүхийн ухааны дэд профессор Мари Фаверогийн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хэвлүүлсэн “Алтан орд-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн түүх” ном 2021 онд олон улсад эрэлттэй, шилдэг борлуулалттай бүтээлээр шалгарчээ. XIII, XIV зууны үеийн монголчуудын байлдан дагуулал, эзэрхийлэл, гадаад бодлого, дотоод сүр хүчний тухай өгүүлсэн тус бүтээл “Financial times”-ын 2021 оны шилдэг түүхийн номны жагсаалтад гуравдугаарт эрэмбэлэгджээ. Түүнчлэн “Amazon”, “Spectator”, “Five books” зэрэг олон улсын худалдааны сайт болон хэвлэлийн газрын шилдэг бүтээлийн жагсаалтад эхний таван байрт жагссан байна. Мөн шилдэг түүхийн зохиол, номд олгодог Кандиллын шагналын эцсийн шатанд шалгарсан аж.
Зохиолч Мари Фаверо “Монголчууд бол дэлхийн түүхэн дэх хамгийн баатарлаг, нөлөө бүхий ард түмэн төдийгүй туурвин бүтээх, сэтгэх, тооцоолон бодох, удирдан зохион байгуулах гайхалтай өгөгдөлтэй хүмүүс” хэмээн тодотгожээ. Харин “Торгоны зам” номын зохиолч, монголчуудын түүх, угсаа гарвалын тухай сонирхон судалдаг Питер Франкопан дээрх номын тухай “Энэ бол гайхалтай, өвөрмөц, хувьсгалч бүтээл. Монголын их эзэнт гүрэн дэлхийг хэрхэн байлдан дагуулж, захирч байсныг Фаверо хүн төрөлхтөнд дахин сануулж, ой санамжийг нь сэргээлээ” гэж дурджээ.
Бэлтгэсэн Ж.Сувд