Цусаа бэлэглэх үндэсний өдөр өчигдөр тохиолоо. Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-өөс 2017 онд анх эл өдрийг санаачилсан бөгөөд зургаа дахь удаагаа тэмдэглэж байгаа нь энэ аж. Үндэсний өдрийн гол зорилго нь сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх, цусаа тогтмол бэлэглэхийн ач тусыг олон нийтэд таниулах юм байна. Үүний хүрээнд өнгөрсөн онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн доноруудыг шагнаж урамшуулав. Иргэн Д.Эрдэнэчулуун өнгөрсөн онд хамгийн олон буюу 200 удаа цусаа бэлэглэсэн үзүүлэлтээр шилдгээр шалгарлаа. Мөн 70-аас олон удаа цусаа бэлэглэсэн Э.Нандинцэцэг, С.Хүрэлбаатар, Д.Ган-Очир, Б.Үүрийнтуяа, Ц.Батбаяр нарын иргэнийг ЦССҮТ болон Монголын улаан загалмай нийгэмлэг, “JCI Монгол” зэрэг байгууллагаас шагнаж, урамшуулав. Түүнчлэн цус цуглуулах, донорын эгнээг нэмэгдүүлэх ажилд байгууллага, хамт олноороо оролцож, олон хүнд амьдрал бэлэглэсэн Зэвсэгт хүчний 120 дугаар анги, “Монос” компанид урамшуулал олголоо. Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтийн улмаас, ялангуяа хөл хорио, хязгаарлалтын дэглэмийн үед манай улсад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бага байжээ. Ийм хүнд үед цусаа хандивлаж, олон хүнд амьдрал бэлэглэсэн доноруудад ЦССҮТ-өөс талархал илэрхийлсэн юм.
Тус төвийнхөн “Та биеийн жингийнхээ нэг кг тутамд байх цусныхаа дөнгөж найман мл-ийг бусдын эрүүл мэндийг сайжруулах, амийг нь аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 литр цустай. Үүнээс гурван литр нь судсанд эргэлдэж, үлдсэн 1.5 литр нь нөөцөд байдаг. Энэхүү нөөцөөс 350-400 мл-ийг нь хандивлаж болдог. Ийм хэмжээний цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлах нь бусдад амьдрал бэлэглэхийн зэрэгцээ таны эрүүл мэндэд ч тустай. Донорын цус идэвхтэй төлжиж, бодисын солилцоо идэвхждэг. Мөн цус шингэрч, зүрхэнд очих ачаалал багасах зэрэг сайн нөлөөтэй” гэлээ.
Бэлтгэсэн М.Оч