“Зөрүүд” арал руугаа цэргийн хүчээр дайрахаар Хятад бэлтгэж байна. Зүүн өмнөд Ази дахь зөрчилдөөн дэлхий дахинд ямар аюул занал учруулах бол. Хонконг дахь иргэдийн эсэргүүцлийг дарж, улс төрийн автономитийг нь устгаад, Хятадын Коммунист нам хараагаа Тайванийн зүг дахин хандуулав. Энэ арал БНХАУ-ын өөрийгөө засаглаж буй сүүлчийн нутаг дэвсгэр юм. Хонконгод хатуу ширүүн авирласан нь Хятадын дипломат хүчин чармайлтад Тайванийг хайхрамжгүй хандахад хүргээд зогсоогүй тусгаар тогтнох эрмэлзлийг нь улам бүр хүчтэй болголоо. Тэгээд Хятад цэргийн хүчээр Тайваньд халдахаар заналхийлж, цэргийн баазуудаа шинэчилж, арлыг эзэлж авах бэлтгэл сургуулилалтаа өргөн далайцтай хийж эхлэв. Мөн агаарын цэргийн хүчин нь Тайванийн агаарын орон зайг байнга зөрчих болов. Хятадын ийм хандлагаас үүдэж Австрали, Британи, АНУ нэгдэн AUKUS гэдэг цэргийн холбоо байгууллаа. Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын зүгээс хийж буй заналхийллийг эсэргүүцэж, Тайванийг хамгаалах нь энэ эвслийн нэг гол зорилго аж. Тайванийн асуудлыг хүчээр шийдвэрлэхэд Хятад бэлэн үү. Ийм алхам хийвэл үр дагавар нь ямар байх бол. Тайвань тусгаар улс болох боломж бий юү?
Хятад, Тайванийн харилцаа сүүлийн жилд сүрхий хурцдаад байна. Арлын салан тусгаарлах эрмэлзлийг үгүй хийж, “Нэг улс-хоёр систем” зарчмаар энхийн замаар нэгтгэхийг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпинь хичээж байгаа. Харин Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь Хятадтай тэнцвэргүй дайн хийхэд хүч тавин бэлтгэж буйгаа мэдэгдсэн. “Хятадын тавьсан зам Тайваньд амьдралын чөлөөт ардчилсан хэвшлийг ч, манай 23 сая ард түмэнд бие даасан байдлыг ч олгохгүй байна. Зөвхөн энэ оны аравдугаар сард л гэхэд Хятадын ардын чөлөөлөх арми манай агаарын орон зай руу 150 онгоц илгээсний дотор цөмийн цэнэг тээх чадалтай бөмбөгдөгч, сөнөөгч болон алсын радиолокац бүхий онгоц ч байлаа. Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн албан ёсны төлөөлөгч Ма Сяогуны хэлснээр бол тусгаар тогтнох гэсэн оролдлогыг нь таслан зогсоож байж л тайваньчуудын аюулгүй, сайн сайхан байдлыг хангах юм гэнэ” гэж Цай Инвэнь хэлсэн байна.
Тус аралд чиглэсэн хандлагаа Хятад улс эрс цэрэг дайны байдалтай болгох шалтгаан юу байв? 1992 оны тохиролцоогоор Бээжин, Тайбэй хоёр зөвхөн ганц Хятад улс оршин тогтнож байхыг хүлээн зөвшөөрснөөр Тайванийн олон нийтийн санал бодол эрс өөрчлөгджээ. Одоогийн Ерөнхийлөгчийн тэргүүлсэн Дэвшилтэт ардчилсан нам 2016 онд засгийн эрхийг авснаар урьдын тохиролцоог үгүйсгэж, Хятадтай найрамдалт харилцаатай байх хэврэг тэнцвэрийг зөрчиж, өөртөө засах бодлого баримтлах болсон юм. Хятадын удирдлагын үзэж буйгаар Тайвань тогтоосон гортигийг давж гарлаа.
2005 онд баталсан Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай хуулиар ХКН-ын үндсэн гол зорилго нь эх орноо дахин нэгтгэх явдал юм. Энхийн замаар нэгтгэх хувилбарууд шавхагдсан нөхцөлд Тайбэйн эсрэг цэргийн хүч хэрэглэх боломжийг энэ хуулиар Бээжин өөртөө шууд авчээ. Нийтлэг ирээдүйн сэтгэл татам дүр зургийг тайваньчуудад эх газрын Хятад харуулж чадахгүй байна. Тайбэйд дипломат дарамт үзүүлэх боломжоо Бээжин шавхлаа. 2019 онд Хонконгод болсон жагсаалд үзүүлсэн хариу үйлдэл, хуульд нь хийсэн халдлага, автономит эрхийг нь үндсэндээ хугацаанаас нь өмнө үгүй болгосон зэрэг нь Хятадын яриад байгаа “Нэг улс-хоёр систем” амьдрах чадваргүй болохыг Тайванийн эрх баригчдад харууллаа. Гэлээ ч БНХАУ нэгтгэх бодлоосоо ухарч болохгүй, ухарвал Ази, Номхон далайн бүс нутагт стратегийн гарз хохирол хүлээхийн зэрэгцээ дотоодод нь улс төрийн ноцтой хагарал өдөөх аюултай юм. “Мао Зэдунаас авхуулаад Хятадын бүх удирдагч нэгдэхийн чухлыг онцолж ирсэн. Энэ үйл хэрэгт ялагдал хүлээвэл дотооддоо олон түмнийхээ итгэлийг хүлээхээ болино” гэж Оросын Эдийн засгийн дээд сургуулийн нэгэн хүрээлэнгийн захирал Василий Кашин сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Тайваньд хяналт тогтоосноор Хятад электрон үйлдвэрлэлийн чухал төвд нэвтрэх боломжтой, бүс нутагтаа тэргүүлэх байр суурьтай болох юм. Тус арал дээр бэхжиж авбал Хятадын зэвсэгт хүчин Япон, Солонгос, Энэтхэгийн далай, Ойрхи Дорнодтой холбосон далайн замыг хянах боломжбүрдэнэ.
Энэ зөрчилдөөнд АНУ оролцоогүй сэн бол Бээжин, Тайбэй хоёрын харилцаа одоогийнхоос өөр замаар хөгжих байсан болов уу. Эрх чөлөөтэй, тусгаар улс болох Тайванийн найдварыг америкчууд хуваалцдаг байсан. Энэ нь Хятад цэргийн түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд АНУ-ын зүгээс хамгаалахаар өгсөн амлалтыг бат бэх хана хэрэм гэж үзсэн арлын Засгийн газрын эр зориг Хятадын ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийг дорвитой өөрчлөн шинэчлэхэд түлхэц болсон байна. Сүүлийн нэг жилд Хятад орчин үеийн 25 хөлөг онгоц зэвсэглэлдээ оруулжээ. “The national interest” сэтгүүлд мэдээлснээр тус орны зэвсэглэлд “Хайнань” ангиллын олон талын ажиллагаатай десантын нисдэг тэрэг тээгч хоёр нэмэгдсэн аж. Ганцхан ийм хөлөг онгоц тэнгисийн 1000 орчим явган цэрэг, зэвсэг, 20 гаруй нисдэг тэрэг, десантын гурван жижиг хөлөг онгоц тээж, агаарын болон усан доогуур явах дроныг ажиглалт хийлгэхээр хөөргөж чадна. Хэрэв Хятад улс Тайвань руу довтлохыг хүсвэл яг одоо түүнийгээ хийх бүх боломж байгаа гэнэ.
Байлдааны нисэх хүчний баазаа өөрчлөн шинэчлэх ажлаа Хятад тасралтгүй хийж байлаа. Нисэх онгоцнуудаа далдлах, зэвсэг хэрэгслээ хүчлэн хамгаалах ажлыг Хятад улс 2020 оноос эхлэн Тайваниас нэг хоолойгоор зааглаж буй Фуцянь мужид хийж байна. Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл Лунтянь дахь нисэх хүчний бааз агаараас эсэргүүцэн хамгаалах чадлаа бэхжүүлж, хөөрөх-буух зурвасаа өргөжүүлжээ. Ийм байгууламжууд Тайванийн газар доорх Чианшань баазаас 300 километрийн зайтай Хуэанд бас бий юм. Оросын Гадаад хэргийн яамны Олон улсын харилцааны дээд сургуулийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Иван Зуенкогийн бодлоор бол дэлхий дахинаар байгаа найрамдалт дэглэмүүдээ дэмжих бодлоо орхиж, өөрийн асуудалд төвлөрөхөөр шийдсэнээ Афганистанаас цэргээ гаргаснаар харуулсан АНУ-ыг “тэмтрэх”-ийн тулд тус хоолойд сургуулилалт явуулахаар бэлтгэх, хийх нь Хятадын хувьд чухал аж. Тайванийн асуудлыг зоргоороо шийдэхээ эрс ааш араншингаараа Хятад улс илэрхийлэхийг хүсэж байгаа юм. Хятад, Тайванийн харилцаанд түгшүүртэй байдал нэмэгдэж байгаад америкчуудын сэдлээр Австрали, Британи, АНУ-ын AUKUS гэдэг батлан хамгаалах түншлэл бий болсон нь ч нөлөөлж байна. Цэргийн энэ шинэ холбооны хүрээнд Австралийн тал 2040 онд цөмийн зэвсэг тээгч, усан доогуур явдаг хөлөгтэй болно. Энэ тохиролцоо нь Энэтхэг-Номхон далайн бүсэд нийтлэг эрх ашгаа хамгаалах, цэрэг, технологийн салбарт Хятад хүчирхэгжихийн эсрэг зогсох зорилготойг Цагаан ордон тэмдэглэсэн. Тайванийн тухайд AUKUS-ийн гишүүд нэг мөр мэдэгдэл хийгээгүй ч Австралийн тэнгисийн цэргийн флот зэвсэглэлдээ атомын хөлөг онгоцтой болох гэж буй мэдээллийг Тайбэй нэн тааламжтай хүлээж авсан. Түүнчлэн АНУ-ын Төрийн департамент бүс нутгийн статус-квог өөрчлөх гэсэн нэг талын аливаа оролдлогыг эсэргүүцэж, Вашингтон, Тайбэйн хамтын ажиллагааг 1979 онд баталсан Тайваньтай харилцах тухай хуулиар зохицуулж байгаа билээ. Уг хуульд зааснаар АНУ нь “Нэг Хятад” бодлогыг баримталж, Тайванийн тусгаар тогтнолыг үл дэмждэг хэрнээ батлан хамгаалах зэвсэг худалдаж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн эрхийг өөртөө хүлээсэн байдаг.
“Тайваньд үзүүлэх тусламжаа Вашингтон үргэлжлүүлж буйн дотор цэргийн тусламж орно. Тайваньтай тогтоосон бидний харилцаа урьдын хэвээр Хятадын зүгээс учруулж болзошгүй аюулын эсрэг үйл ажиллагаанд тулгуурлаж байна” гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби саявтар мэдэгдсэн удаатай. Америкийн тусгай хүчнийхэн нэг жилийн турш Тайванийн цэргийнхнийг нууцаар бэлтгэл хийлгэсэн нь тодорхой боллоо. АНУ тусгай ажиллагааны анги салбар, тэнгисийн тодорхой тооны явган цэргээ Тайвань руу илгээв. Мөн Тайваньд 750 сая ам.долларын үнэ бүхий, 155 мм-ийн, 40 нэгж өөрөө явагч их буу худалдахыг Америкийн Төрийн департамент дэмжлээ. Бээжин хариуд нь 1972-1982 оны үед ажиллаж байсан АНУ-ын гурван Ерөнхийлөгчийн хамтарсан мэдэгдэл болох “Гурван албан мэдээ”-г зөрчлөө хэмээн Вашингтоны байр суурийг дүгнэв. Энэхүү “Гурван албан мэдээ” нь Хятад, Америкийн харилцааны үндэс болж байсан юм. Тайваньтай тогтоосон албан ёсны хэлхээ холбоогоо дэмжихээ больж, тэднийд худалдах зэвсгийн хэмжээгээ байнга багасгаж, чанарт нь ч хязгаар тавина гэж Цагаан ордон амласан байдаг. АНУ Тайваньтай аливаа цэргийн холбоо сүлбээгээ зогсоох ёстой. Тэгвэл тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авах нь Хятадад зайлшгүй чухал. Ази, Номхон далайн бүс нутагт, дэлхийн дэвжээн дээрх цэрэг дайны болзошгүй ил өрсөлдөөний нөхцөлд ч гэсэн гол өрсөлдөгчөө тогтоон барьж байх зорилготой үндэсний эрх ашгаа АНУ бас илүүд үзэж, Тайваньтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж буй.
Ялалт нь гарцаагүй тохиолдолд л Хятад цэргийн ажиллагаа эхлүүлнэ. Яагаад гэвэл ялагдлын өртөг асар өндөр байх болно. Хятадын давамгай байдал илт, хятадууд их хүч хуралдуулсан ч томоохон армиар хамгаалуулсан арлыг эзэлж авах нь Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй нүсэр ажиллагаа байх нь эргэлзээгүй. Юуны урьд Тайванийн нутгийн аравны нэг нь л цэргийн хүч буулгах боломжтой газар тул гэнэтийн хүчин зүйл нөлөөлөх боломж үндсэндээ байхгүй. Үүний зэрэгцээ тус арлыг 130 мянга орчим цэрэг, нэг мянгаар тогтохгүй байлдааны машин, хүнд зэвсэг хамгаалж байдаг юм. Энэ хүч тэр бүр армийн хийж чадахгүй нарийн төвөгтэй ажиллагаа явуулж чадна. Үүн лүгээ адил байлдааны ажиллагаа явуулах туршлага Хятадад байхгүй. Хоёрдугаарт, АНУ хөндлөнгөөс оролцохгүй байлаа ч Хятадын арми дайсагнасан үзэл санаатай 23 сая хүнтэй газар нутгийг эзлэхэд амжилт олох баталгаа байхгүй. Бүрэн хэмжээгээр дайрч орж ирэх боломж 2025 оноос наана Хятад бий болохгүй гэдэгт Тайванийн Батлан хамгаалах яам итгэлтэй байгаа юм билээ. Дээр нэр гарсан Василий Кашины үзэж буйгаар 2022 онд арал дээр эрх барих байгууллагын, 2024 онд Парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас ойрын таван жил ихээхэн чухал үе байх аж. “Эдгээр сонгуулийн үр дүнгээс Хятадад олон юм тодорхой болно. Хэрэв юм хүссэнээр болохгүй нь гэсэн дүгнэлт БНХАУ хийвэл байлдаан хийхээс өөр зам алга гэсэн шийдвэрт хүрнэ” гэж Василий Кашин үзэж байна. Малайн их сургуулийн Хятад судлалын хүрээлэнгийн захирал Нжоу Чоу-Бинг Оросын сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Хүчээр нэгтгэх нь Хятадын хувьд муу хувилбар. Хятадын ойрын зорилт бол “тусгаар тогтнолыг үгүй хийх”. Алс хэтийн төлөвлөгөө, Хятадын эдийн засгийн идэвхжил нь Бээжингийн хувьд Тайванийг тусгаарлах бодлогынх нь эсрэг хүчтэй хөшүүрэг болно” гэж хэлсэн байна. Тайваньтай тогтоосон эдийн засгийн харилцаанд Хятадын гүйцэтгэж ирсэн үүрэг арлын улс төрийн амьдралд нөлөөлж чадсангүй. “Хятадтай ойртохын төлөө дорвитой хөдөлдөг нам Тайваньд алга, Хятадтай дахин нэгдэх үзэл бодол Тайванийн хүн амын дэмжлэг авахгүй байгаа юм” гэж мөнөөх Василий Кашин дүгнэжээ. Эцэст нь, Хятадыг тогтоон барих хүч нь АНУ байв. Түүнчлэн Тайванийг хамгаалахаар төлөвлөснөөсөө Америк илт татгалзаж чадахгүй байгаа нь Бээжинг илүү аюултай алхам руу түлхэж буй юм. Ойрын ирээдүйн статус-квогоо хадгалах шаардлагатай байгаа ч Хятад, Тайвань, АНУ-ын аль аль нь яггүй сонголттой нүүр тулах нь. Хүчний тэнцвэр ХАЧА руу хазайж, Тайбэйг харилцан буулт хийлгэхэд хүргэх энхийн хүч хэрэгслээ шавхаж байгаа нь цэргийн хүч хэрэглэж, зөрчлийг АНУ-ын, магадгүй холбоотнуудынх нь оролцоотойгоор ихээхэн шатлан өргөжүүлэх, эсвэл нэгдмэл Хятадын тухай мөрөөдлөөс татгалзаж, Хятадын үндэсний үзлийг доргиосон улс төрийн хямралыг үзэх хоёр зам л үлдэнэ. Дэлхийн хамтын нийгэмлэг хийгээд тусгаар тогтнолын тухай мөрөөдлөө бодитой болгох боломж олгох Өрнөдийн хандлагад найдсан тайваньчуудын итгэл хонконгчуудын адилаар Хятадын хатуу ширүүн эсэргүүцэлтэй халз мөргөлдөнө. АНУ дэмжлээ ч Хятадтай дайтвал юуны урьд хөгжин цэцэглэж буй арал дээрх ардчилал нь тун амархан устах учраас Бээжинтэй ямар, ямар нөхцөлөөр энх тайвнаар зэрэгцэн оршихоо шийдэх нь Тайбэйд юунаас ч илүү чухал болж байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант