АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас Дээд шүүх хэд хэдэн үндэслэлээр татгалзсан. Нийт шүүгчийн хуралдаанаар гаргасан эл шийдвэр, үндэслэл бүхий тогтоолыг Дээд шүүх он гарахаас өмнө АН-ынханд хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын зарим гишүүн өчигдөр мэдээлэл хийлээ. Тус хуралд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен, Ш.Адьшаа, Н.Ганибал, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар оролцсон юм. Ингэхдээ АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь олонхын саналаар чөлөөлсөн гээд бүлгийн зарим гишүүн гадаадад байгаа, эмнэлэгт хэвтсэнийг эс тооцвол бүгд нэг талдаа гарсан хэмээн тайлбарлав. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлсөн шийдвэрийг УИХ-ын даргад уламжилсан. Г.Занданшатар дарга үүнийг уншиж танилцуулах ёстой” гэв.
Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын онц их хурлыг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь бидэнд илгээсэн тогтоолоос харагдаж байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны 248 гишүүн гарын үсгээ зурж баталгаажуулсныг хүчин төгөлдөр гэж үзжээ. Энэ нь АН-ын асуудал эцэслэн шийдэгдээгүй мэт харагдаж байгаа ч зөвхөн даргатай холбоотой хэсэг нь үлдсэн гэсэн үг. Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэнээрээ АН-ын төлөөллийн төв байгууллагыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. АН-ын төлөөллийн төв байгууллага нь 248 гишүүнтэй Үндэсний бодлогын хороо болж байна. Энэ нь манай намын нөгөө талд байгаа хэсгийг төлөөлж гаргасан Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд тэндээс гаргасан бүх тогтоол, шийдвэр хүчингүй. Тиймээс бидэнд гарц нээгдэж байна. АН төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гарган ажиллана” гэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “О.Цогтгэрэл даргатай АН-ын их хурал, Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр гэдгийг Дээд шүүх хүлээн зөвшөөрлөө. Хэдийгээр энэ шийдвэртэй шууд холбож хэлэхгүй ч Дээд шүүх монголчуудын итгэлийг хэдийн алдсан. Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлтэй холбоотой аливаа асуудлыг хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан. Гэтэл Дээд шүүхийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгон өөрчилж, өнөөдрийг хүртэл АН-ыг хоёр хуваагдсан мэт “жүжиглүүлсэн”. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ынхан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахад МАН-ынхан ирж, намын бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ, энэ талаар судалж, ажлын хэсэг байгуулна гэж амласан. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа танилцуулсангүй. Улсын бүртгэлийн байгууллагад МАН-ынхны нөлөөгөөр ямар булхай хийгдсэн, даргыг нь хэн удирддаг гэх мэт олон зүйлийг ил болгоно. Жишээ нь, УБЕГ-ын даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компанийн хүн ажиллаж байна. Дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүн гэмт хэрэгт холбогдсон этгээд бий. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн. Энэ бүхнийг төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд ил болгох вий гэхээс МАН-ынхан айж байна” хэмээв.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Парламентад бүлэгтэй намын хувьд эрх баригчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд ДНБ-ийхээ 20 орчим хувийг зарцуулсан. Энэ хэрээр манай улсын өр нэмэгдэж байгаа ч ямар үр дүнд хүрэв гэдэг нь бид бүгдийн нүдэн дээр ил байна. Уул уурхайн томоохон төслүүдээ барьцаанд тавьж, зээл аван, халамжийн мөнгийг хавтгайруулан тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэхээс илүүтэй пиараа л сайн хийлээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг төрийн өмчит байгууллагууд бий болгоно. Төрийн оролцоо улам нэмэгдэнэ гэсэн үг. Энэ оны эхний хагас жилд инфляц 20 хувьд хүрч магадгүй” хэмээсэн бол гишүүн Н.Алтанхуяг “УИХ улсын төсөвтэй холбоотой бүрэн эрхээ “Цар тахлын” гэх хуулиар Засгийн газарт өгсөн. Засгийн газар нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Коронавирусийн омикрон хувилбар тархаж байгаагаар далимдуулж уг хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгалаа. АН-ын бүлгийн гишүүд үүнийг сунгах шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлсэн ч олонх хүч түрэн баталсан. Ард түмний амьдрал туйлын хүнд байхад эрх баригчид бүх зүйл сайн сайхан болно гэж яриад байгаа нь шударга бус байдал Монголд газар авсны шинж. Туйлын ялгавартай нийгэмд бид амьдарч байна” гэв.
Бэлтгэсэн Б.Уран