“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” болон “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн удирдах хорооны хурал боллоо. Төслийн удирдах хорооны хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр удирдан явуулж, гишүүд 2021 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцлоо.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 1258 хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд 11.2 тэрбум төгрөгийн жижиг зээлийг олгож 2418 ажлын байр бий болголоо. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн системийг цахимжуулах ажлыг эхлүүлэв. Түүнчлэн "Ковид-19" цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тодорхой хэсгийг дэмжих зорилгоор сайн дурын даатгалд хамрагдсан албан бус салбарт ажиллагч 114.5 мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд 9.5 тэрбум төгрөгийг зарцууллаа. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн хувьд үйл ажиллагаа нь эхэлж байгаа тул цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийн 2022 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.