Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан аж.
Санамж бичигт тусгаснаар “Мэдээллийн технологийн төв” -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ. Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.