Дахивар буюу хоёрдогч түүхий эд худалдан авах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдийн мэдээллийг цуглуулж, GIS хэмээх нэгдсэн санд бүртгэсэн талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээллээ. Одоогийн байдлаар Улаанбаатарт хоёрдогч түүхий эдийн цэг 150, тэдгээрийг дахин боловсруулдаг 33 үйлдвэр бий гэнэ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт иргэ дээс дахивар авдаг 67, Баянзүрхэд 31, Хан-Уул, Баянгол, Сүхбаатарт тус бүр 12, Чингэлтэйд найм, Налайхад тав, Багануурт гурван цэг бүртгэжээ. Үйлдвэрүүдийг чиглэлээр нь ангилбал хуванцар дахин боловсруулдаг 17 үйлдвэр байна. Хаягдал өөх боловсруулдаг, хүнсний хаягдлаар компост бордоо хийдэг үйлдвэр тус бүр гурав буй аж. Хар тугалга, аккумлятор зэрэг аюултай хог хаягдал боловсруулах чиглэлээр “Цэцүүх трейд”, “Түмэн эгшиг”, “Үлэмж хүдэр” компани Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдгийг онцлон дурджээ.
Эдгээр аж ахуйн нэгжийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэснээр хог хаягдлын чиглэлээр судалгаа хийхэд, мөн нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд хамруулж, хамтран ажиллахад чухал үүрэгтэйг дээрх холбооныхон хэллээ.