Томчууд, эцэг, эхчүүд аливаа баяр ёслолоор хүүхэд багачуудад чихрийн агууламж өндөр элдэв төрлийн амттан бэлэглэх нь түгээмэл. Энэ нь таргалах, шүд хорхойтох, яс сийрэгжих зэрэг халдварт бус олон өвчний суурь шалтгаан болдог аюултай. Тэгвэл цар тахлын өндөр эрсдэлтэй энэ цаг үед хүүхэд багачуудын чихрийн хэрэглээг хязгаарлаж, шинэ жилээр хортой бэлэг өгөхгүй байхыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриаллаа. 2-18 насныхны чихрийн хэрэглээ өдөрт 20-25 гр байх ёстой гэнэ. Гэтэл зах, худалдааны төвүүдэд борлуулж буй бэлэг дунджаар 200-400 гр чихэр агуулж байгааг мэргэжилтнүүд онцлов. Тэр дунд хийжүүлсэн ундаа, бялуу, жигнэмэг, чипс, шоколад, төрөл бүрийн чихэр зонхилдог байна. Чихрийн хэрэглээг хэтрүүлснээр хүүхдийн хоолны дуршил буурах, дархлаа сулрах, аминдэм, эрдэс бодисын дутагдалд орох, шүд цоорох, таргалах, улмаар өвчлөмтгий болох сөрөг нөлөөтэй. Иймд хүүхэд, ялангуяа бага насныханд чихэрлэг бус, оюунлаг бэлэг өгөхийг анхааруулсан юм.