Шинэ жилийн баяраар та хүүхдэдээ юу барих гэж байна вэ. Зул сарын баяр тэмдэглэдэг нь гацуур модны доор жаалуудынхаа хүслийг биелүүлэх утгатай, хайрцаглаж, савласан бэлэг тавьж хоносон байх. Бага насныхан баярын өглөө өнөөхийг нь задалж бөөн баяр болсон биз ээ. Харин олонх нь өнөө, маргааш хүүхдүүддээ бэлэг өгөх болов уу. Үүнтэй холбогдуулан ер нь монголчууд шинэ жилийн баяр тэмдэглэдэг болсон цагаас хойш ямар бэлэг авч, өгч ирэв гэдэг талаар бодолхийлснээ хуваалцъя. Хүмүүстэй дурсамж яриа өрнүүллээ.
Өндөр настан Д.Цэрэндулам 1945 оны өвөл гуравдугаар ангийн сурагч байхдаа хагас жилийн дүнгээр онц гараад, шинэ жилийн баяраар шагнуулжээ. Хэнтийн аймгийн Дадал сумын сургуулийн захиргаанаас түүнд дөрвөлжин шугамтай дэвтэр нэг ширхэг, тууш шугамтайгаас бас нэгийг, мөн балын харандаа ганц, нэг талдаа улаан, нөгөө талдаа хөхтэй өнгийн харандаа нэг, нутгийн нэртэй дархан Гомбын урлал, хөнгөн цагаанаар хийсэн үсний, хагас дугуй сам өгсөн аж. Түүнээс хойш гурван жилийн дараа бэлэг авахад өнгийн харандааг бүтэн хайрцгаар нь бэлэглэжээ. Өдгөө 88 нас хүрч буй буурал “Дайны жил байлаа шүү дээ. Дэвтэр, харандаа олдсон нь их юм. Харин манай нутгийн дархан Гомбо хөнгөн цагаан цувьж янз бүрийн эдлэл хийдэг байсан юм билээ. Одоо бодоход ховрын хүн байжээ” гэсэн юм.
Замын ахмад инженер Ж.Гомбын дурсамжийг сонслоо. Тэрбээр 1963 онд дөрөвдүгээр ангид байхдаа хагас жилээр онц гарсан тул шинэ жилийн баяраар сайшаалын улаан үнэмлэхээр шагнуулжээ. Ээжийнхээ ажилладаг үйлдвэрт очихдоо тэр тухайгаа бодсоор их л додигор алхаж явснаа мартдаггүй гэнэ. Харин одоогоос хэдэн жилийн өмнө авто замын салбарынхны шинэ жилийн нэгдсэн арга хэмжээний үеэр сугалаа татахад УИХ-ын гишүүн асан Р.Будын адуунаас хурдан удмын даага авах шагнал таарсныг аз хэмээн сүсэлж явдаг байна. Тэрбээр шинэ жилийн бэлгийн даагаа удахгүй очиж авах гэнэ.
Төгөлдөр хуурч М.Цогбадрах 1981 оны шинэ жилийн баяраар Зөвлөлтийн Шинжлэх ухаан, соёлын төвд болсон сүлд модны наадамд урилгаар оролцохдоо Москвагийн Кремлийн ордны загвар бүхий хайрцаг дүүрэн баавгайтай чихэр болон Монголын шаазан ваарын үйлдвэрийн бүтээгдэхүүн, зөрж зогссон буга, согооны хэлбэр бүхий баримлаар шагнуулжээ. Тэрхүү шаазан үзэг, харандааны саваа өнөө болтол хадгалж байдаг аж.
Хувиар хөдөлмөр эрхлэгч Н.Төгөлдөр 10 настай байхдаа буюу 1997 онд шинэ жилийн баяраар аав, ээжээсээ алим, мандарин, соруултай ундаа зэрэг амттан бүхий том гэгчийн ууттай бэлэг авчээ. Олон төрлийн чихэр, жигнэмэг гэхээс илүүтэй соруултай ундаа нь таатай байж гэнэ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хүнсний дэлгүүр ажиллуулж буй бөгөөд өдгөө өөрөө шинэ жилийн баярын бэлэг ууталсан шигээ суухад нь энэ тухай дурсамж яриулах сонирхолтой байна гэлээ.
Загвар зохион бүтээгч Г.Энх-Ариун мөн 1997 онд долоон настай байхдаа аав, ээжээсээ алтлаг шаргал өнгийн даашинз бэлгэнд авсан нь хамгийн гоё байсан гэнэ. Дээгүүр нь өмсдөг торон, битүү гялалзууртай богино цээживч нь маш таалагдсан байна. Магадгүй жаахан охины тэрхүү даашинзыг таалсан мэдрэмж түүнийг хувцасны загвар зохион бүтээгч болох замын эхлэл ч байсан юм бил үү.
Бизнесийн удирдлагын мэргэжилтэй Ц.Долгион 2006 онд буюу 18 настай байхдаа шинэ жилийн баяраар өөртөө номууд бэлэглэсэн гэнэ. Нийслэлд байдаг номын хэд хэдэн дэлгүүрт тухалж байгаад санаа бодлоо цэгцлэх, сонгосон мэргэжлийнхээ дагуу их сургуульд туйлбартай суралцах даалгаврыг мөн өөртөө өгөөд тухайн үед ихэд сонирхол татаж байсан гадаадын зохиогчдын хувь хүний хөгжлийн чиглэлийн номууд авсан байна.
Өдгөө зургадугаар ангийн сурагч Т.Мишээлийг найман настай байхад өвөө нь уран зургийн бүрэн хэрэгсэл бэлэглэсэн нь хамгийн гоё, санаанд оромгүй бэлэг байжээ. Зээ нь зурах авьяастайг мэдсэн өвөө охиныг багаас нь дэмжиж, зүг чигийг нь тогтоож өгөх гэсэн болов уу, мэргэжлийн зураачдын хэрэгсэл өндөр үнээр худалдаж авч өгсөн нь их ач холбогдолтой байсан аж.
Долоон настай сурагч П.Энххүслэнд өнгөрсөн жил ээж нь “Дисней лэнд”-ийн хүүхэлдэйнүүд бэлэглэжээ. Хүргэлтийн үйлчилгээний ажилчин шатаар өгсөж явахад хаалгаараа байн байн цухуйсаар хүлээж авсан тоглоомуудаа охин маш их хайрладаг гэсэн.
Он жил улирсаар, жаран, эрин өнгөрсөөр байх ахуйд хүүхдүүдийн сонирхол, хэрэгцээ ямархан болж өөрчлөгдөхийг өнөө хэлж мэдэхгүй. Шинэ жилийн бэлэг ийнхүү арав, хорин жилээр ондоо болж ирсэн нь түүх, замнал ажгуу. Улс орны хөгжил, хүн ам, тодруулбал иргэдийн, хүүхэд багачуудын тухайн цаг үеийн хүсэл, сэтгэлийн өнгийг шинэ жилийн бэлгээр ч болов тодорхойлж болох нь ээ.