Утаагүй үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дэд бүтэц хамгийн чухал. Тиймээс аялал жуулчлалын гол бүс гэгддэг Хөвсгөлд улс, орон нутгийн төсвөөр энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр цөөнгүйг хэрэгжүүлсэн. Олон улсын байгууллагуудаас ч ийм зорилгоор зээл, тусламж хангалттай хүртсэн. Гэвч тус аймагт дэд бүтцийн асуудал тулгамдсан хэвээр байгаа нь харамсалтай.
Жуулчид эвдэрхий, энхэл донхолтой, энд тэндээ нөхөөстэй замд сэгсчүүлж, үерийн усанд боогдон, цаг зав, эд хөрөнгөөрөө хохирсоор буй нь эмгэнэлтэй. Далай ээжид хүрэхийн тулд зайлшгүй дайран өнгөрөх ёстой, урин цагт жуулчид олноороо зорчдог Мөрөн-Хатгал чиглэлийн зам зарим хэсгээрээ Дархан-Уул аймгийнхаас дутахгүй нөхцөлтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна.
Өнгөрсөн зун гэхэд Хатгалын зам үерт автаж, жуулчид нуураас хэдхэн км-ын наана усанд боогдсон юм. Хол газраас зорин ирсэн аялагчид хөдөө талд хоноглохоос аргагүйд хүрсэн. Хэрэв тухайн чиглэлд зам тавьсан компани ажлаа чанартай гүйцэтгэсэн бол, ус зайлуулах шугам, үерийн хамгаалалтын даланг стандартын дагуу төлөвлөж, хийсэн бол нөхцөл байдал ингэтлээ хүндрэхгүй байв. Дан ганц энэ жил ч бус, үүнээс өмнөх зунуудад ч ийм явдал давтагдаж, жуулчид хохирохгүй байлаа. Зам барьсан компани нь “Хариуцах хугацаа дууссан” гэсэн тайлбараар хариуцлагаас бултаж, тэр бүрт орон нутаг нь төсвийн мөнгөнд “гар дүрдэг” уламжлал тогтсон. Ингэхдээ тухайн хэсгийн зам усанд автах суурь шалтгаан болсон асуудал (хамгаалалтын далан, шуудуу)-ыг шийдвэрлэлгүй, үерээс үүдэлтэй эвдрэлийг засаж, нөхөх төдий арга хэмжээ авч, аргацаасаар иржээ.
Тухайн үед “Хөвсгөл АЗЗА” ТӨҮГ-ынхан болон орон нутгийн иргэд “Мөрөн-Хатгал чиглэлийн замыг бүхэлд нь засаж, үерийн хамгаалалтын далан, шуудуу, гүүр байгуулах шаардлагатай” гэж байв. Түүнчлэн “Ирэх онд Хөвсгөлд дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэх юм билээ. Энэ чиглэлийн замыг нэн түрүүнд засаж, шинэчлээсэй” хэмээсэн юм. Хөвсгөлчүүд Хатгалын замаа өөд нь татахыг, үерт боогдох эрсдэлээс ангижрахыг, жуулчдыг нүүр бардам угтах нөхцөл бүрдүүлэхийг л юу юунаас илүү хүсэж буйгаа ийнхүү илэрхийлсэн. Төрөөс хэрэгжүүлэх томоохон төсөлд чих тавьж, горьдлого тээсээр суугаагаа ч дурдсан. Гэвч тус төсөл тэдний хүслийг биелүүлэхгүй нь нэгэнт тодорхой болов.
Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд ирэх онд “Монголын Швейцар”-т 37.9 км хатуу хучилттай авто зам тавих гэнэ. Тендер зарлаж, гүйцэтгэгч компанийг шалгаруулан, гэрээгээ хэдийн албажуулсныг БОАЖ-ын сайд өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Тодруулбал, Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил -Ашихай гэсэн хоёр чиглэлд зам барихаар төлөвлөжээ. Үндсэндээ энэ төсөл Хатгалаас цааших хэсгийн замыг “гоё” болгох зорилготой аж. Гэтэл хамгийн асуудалтай нь Мөрөнгөөс Хатгал хүрэх зам шүү дээ. Тэгэхээр далай ээжийг зорьсон жуулчид зун, бороо хур элбэгтэй үед Өрхөт, Өлхөн, Бэрхэмшийн сайрын усанд боогдож, авто зам, хээр талд хэсэг хугацаанд “буудалласныхаа” дараа (ус татартлаа 1-2 хонодог) тус шинэ замтай уулзах нь. Тэрчлэн Хатгал орчмын долоон байршилд автомашины зогсоол, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хоёр чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлыг хийхээр төлөвлөсөн аж.
Баяр наадмын амралтын үеэр тээврийн хэрэгсэл байтугай хүн зөрөх зайгүй болтлоо олны хөлд дарагддаг газарт автомашины зогсоол байгуулах нь тохиромжтой төлөвлөлт яалт ч үгүй мөн. Харин явган болон морин аяллын жим хоолойд тулсан хэрэгцэээ мөн үү гэвэл эргэлзээтэй. Үүний оронд жил бүр усанд автаж, гаднынхан төдийгүй нутгийн иргэдийг сандаргадаг, төсөвт дарамт учруулдаг замаа засаж, усанд автах эрсдэлгүй болгосон бол тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодитой, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтад тооцогдох байлаа. Гэвч Засгийн газар, БОАЖЯ үүнийг олж харсангүй. “Галт тэрэг” хэдийн өөр зүг рүү хөдлөв. Одоо харин тэд ажлаа хийсэн шиг хийж, олон улсын байгууллагаас итгэл хүлээлгэж олгосон санхүүжилтийг салхинд хийсгэхгүйн төлөө хичээх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд дэд бүтэц, хог хаягдлын менежмент сайжруулах, ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх зорилготой, “том” үнийн дүнтэй цөөнгүй төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөлд хэрэгжүүлсэн байдаг. Тэр хэрээр өөрчлөлт, дэвшил гарсан нь үгүй учраас ийм болгоомжлол эрхгүй төрж байна.
Хөвсгөл бол газар зүй, цаг уурын хувьд ихээхэн онцлогтой бүс. Жилийн аль ч үед хур тунадас элбэг ордог, бусад аймагтай харьцуулахад чийглэг, зөөлөн уур амьсгалтай. Үүнд цэнгэг уст нуур ихээхэн нөлөөтэй. Мөн манай улсын цэвдгийн гол тархалтын бүсэд тооцогддог. Цэвдэг судлалын цооногуудаас хамгийн олон нь энэ аймагт бий. Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр ийм шалтгааны улмаас ашиглалтаас гарсан. Тиймээс тухайн нутагт дэд бүтэц, ялангуяа зам, барилгын ажил гүйцэтгэхдээ байгаль орчны болон инженерийн тооцоо, судалгааг ул суурьтай хийж, төлөвлөх шаардлагатайг судлаачид хөндсөөр байна.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид 2020 онд Мөрөн-Хатгал чиглэл дэх улсын чанартай авто замын доорх цэвдгийн төлөв байдлыг геофизикийн цахилгаан хайгуулын аргаар судалсан байдаг. Тэгэхэд тухайн замд их хэмжээний суулт үүссэн байж. Цэвдгийн дээд хилээс хэмжихэд 6-10 метр хүртэлх хэсэг нь гэссэн байсан гэнэ. Авто зам дээр болон хажуугийн хэсэгт бороо, цасны ус удаан хугацаанд хуримтлагддаг нь цэвдэг гэсэх үйл явцыг түргэсгэх шалтгаан болсон гэж дүгнэжээ. Ингээд судлаач, эрдэмтэд цэвдгийн гэсэлтийг хязгаарлахын тулд геотекстиль-геомембран материалаар хэсэг газарт тусгаарлагч хийсэн байна. Олон улсын жишиг бүхий аргачлалаар авто замыг чийгнээс тусгаарлаж, хамгаалсан Монголын анхны тохиолдол, туршилт нь энэ юм.
Байгаль орчин, инженерийн тооцоо, судалгааг орхигдуулснаас, цэвдгийн тархалт, шинж чанарт тохирсон төлөвлөлт хийгээгүйгээс авто зам гажих, суух, хагарах тохиолдол түгээмэл аж. Ийм зам арчлалт, засвар байнга нэхэж, төсвийн мөнгийг “уудаг” гэнэ. Мөрөн-Хатгал чиглэлийн зам яг энэ үлгэрийг туулжээ. Тухайн хэсэгт авто зам барьсан компани холбогдох тооцоо, судалгааг хийж, эрсдэлийг үнэлэлгүй, ажлаа ор нэр төдий гүйцэтгэжээ. Хөрсөн доор буй цэвдэгт санаа тавих сөхөөгүй юм гэхэд зам дагуух олон гуу жалга, сайраар цас, борооны ус орж ирэхийг тооцоолж, үерийн далан, байгууламж барих ёстой байсныг умартжээ. Мөн захиалагч байгууллагынхан энэ асуудалд хоноцын сэтгэлээр ханджээ.
Газарзүйч, геоэкологичид хэсэг газрыг сонгож, тандалт, судалгаа хийхэд л ийм үр дүн гарсан гэхээр Хөвсгөлд цэвдгийн гэсэлтээс үүдэлтэй асуудал ямар хэмжээнд байгаа нь төсөөлөгдөж байна. Тэгэхээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийнхөн энэ эрсдэлийг харгалзах хэрэгтэй. Байгаль, цаг уурын онцлогоос гадна зорчих хөдөлгөөний идэвхтэй, ачааалалтай бүс, техникийн эвдрэл гарах магадлал туйлын өндөр гэдгийг тооцоолох нь чухал.
БОАЖЯ-наас өгсөн мэдээллээр бол Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд зам тавих ажлыг БНХАУ-ын “Бээжин юни констракшн групп” хариуцан гүйцэтгэх гэнэ. Авто замын зураг төслийг боловсруулахдаа мөнх цэвдгийг хамгаалах, хөндөхгүй байх технологийн шийдлийг тусгасан гэдгийг хэллээ. Хэрэв үнэхээр энэ бүхнийг тооцоолж, судалж, төлөвлөсөн нь гарцаагүй бол тус чиглэлийн зам үлгэр жишээ бүтээн байгуулалт болох нь дамжиггүй. Үгүй бол Мөрөн-Хатгал чиглэлийнх шиг хэврэг, төсөвт дарамттай ажил болох эрсдэлтэй.
Хөвсгөл аймаг бол манай улсын аялал жуулчлалын гол бүс. Мөн Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг нуур тус бүсэд буй. Тиймээс улсынхаа нэрийг бодсон ч, аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг чухалчилсан ч, төвлөрөл, хөл хөдөлгөөнөөс үүдэлтэй байгаль орчны дарамтыг тооцоолсон ч тэр хоймор нутагт чанартай дэд бүтэц хамгаас чухал.