Халдвар хаа сайгүй тархаж, хил хааж, хэрэглээний гол бараануудын үнэ өсөж, хэн хүнгүй бухимдаж, хэрэгтнүүд гаарч, хүний эрх хөсөр хаягдаж, хүүхдүүд уйлж, наадам, цагаан сар тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэж маргасаар, араар нь МАН, МАХН нэгдэж, АН салж бутарч, ард олны олонх нь өл залгах төдийхнөөр өдөр хоногийг өнгөрүүлсээр 2021 он шувтарч, 2022 оны босгон дээр ирээд байна. Улстөрчид өнгөн дээрээ сайхан зүйл ярьж, далдуураа тэнэг ард түмэн хэмээн биднийг гоочилсоор нэгэн оныг элээж, улс орны амьдрал урагшилсан нь үгүй байсаар 365 хоног шувтрах талдаа оров. Unuudur.mn сайтын хамт олон 2021 онд улс төр, урлаг, соёл, нийгмийн амьдралд гарсан сайн хийгээд саар зүйлийг тухай бүрт нь олон нийтэд ямар нэг цензургүйгээр мэдээлсээр ирсэн. Тэгвэл архиваа эргэн сөхөж, 2021 оны ололт амжилт хийгээд саад тотгор болсон шийдвэрүүдийг салбар салбараар нь тоймлон хүргэе.
МАН, МАХН-тай нэг “хөнжилд” оров
Улс төрийн сонгуульд МАН өмнөх жилүүдэд үнэмлэхүй ялалт байгуулж ирсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд урагш муутайхан оролцож, нэр хүнд, авсан оноо нь тээр доор орж, нэр дэвшигч У.Хүрэлсүх хүнсний талон, халамжийн мөнгөөр нь барьцаалан байж, насанд хүрсэн 2.5 сая иргэний 823 мянгаас нь л санал зулгааж чадсан. Нэгэнт ард иргэдийн итгэлийг алдсанаа ухаарсан МАН Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын нөхөн сонгуульд МАХН нэгдэн байж арайхийж ялалт байгуулав. Учир нь улстөрч Н.Энхбаярын нам өнгөрсөн жилүүдэд орон нутагт ч, Сонгинохайрхан дүүрэгт ч нэр нөлөөгөө өсгөж чадсан нэгэн. Тиймээс МАХН-ын санал давхар МАН-д очсон гэсэн үг. Энэ мэтээр МАН, МАХН нэг “хөнжилдөө” тухалж, улс төрийн амьдрал сөрөг хүчингүй мэт нам гүмхэн болов. АН сонгууль шударга бус болсныг мянгантаа давтаж, түмэнтээ үглэвч, өөрсдөө дотооддоо салж, нийлж, нэр хүнд, итгэл үнэмшлээ гээсэн учир олон нийтийн зүрх тархинд хүрч чадалгүй хэлсэн үг нь сарнисаар байгаа билээ.
Нийгмийн сэтгэл зүй гэмтэж, гэмт хэрэг гаарлаа
Нийгмийн амьдрал ороо бусгаа, иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудсаар байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд цар тахлын нөлөөгөөр хаалгаа барьж, ажилгүй болсон иргэд эхнээсээ хүнс тэжээлийн хомстолд оров. Ажилгүй нэг нь арга ядахдаа өл хоол залгах гэж тэжээвэр нохойгоо золигт гаргасан гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч байв. Өглөөхөн нь хүүдээ төрсөн өдрийн бэлэг авчирч өгнө хэмээн гэрээсээ гарсан залуу орой нь зулын гол болж, энэ хорвоогоос буцсан. Тодорхой хэлбэл, бухимдал цөхрөлдөө гүн живсэн 34 настай залуу Сүхбаатарын талбайд очиж, өөр дээрээ бензин асган буй биеэрээ шатаасан билээ. Тухайн залууд шатахуун зарсан түгээгчийг торгосноор эл хэрэг дуусгавар болсон. Мөн гэр бүлийн хүчирхийлэл энэ онд газар авч, 80 гаруй хувиар өссөнийг цагдаагийнхан хэлнэ билээ. Энэ төрлийн хэрэг хүндэрч,маш ноцтой болсны илрэл нь уй гунигаа мартагнах гэсэн хүүхнүүд нөхрөө даган архидаж эхэлсэн. Улмаар нөхрөө нэг, хоёр биш тав зургаа хутгалсан хэрэг энэ эхэнд бүртгэгдэж байв. Мөн өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Улс орны амьдрал уруудаж, нийгмийн сэтгэл маш ихээр гэмтсэний дохио нь энэ гэдгийг сэтгэлзүйчид баталж буй.
Гарцгүй болсон гадаад харилцаа
Цар тахлын нөлөөгөөр манайх урд хилээ хаасан. Зөвхөн ачаа бараа нэвтрүүлэх, гаргах төдийхнөөр хил гааль ажиллаж буй. Тийм хэдий ч ачаа бараа хил дээр бөөн бөөнөөр саатаж, энэ нь импортлогчид үнээ нэмэх шалтгаан болж, гор нь иргэдийн амьжиргаанд илт нөлөөлөв. Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүн хэд дахин өсөж, худалдаачид цулайж, иргэдийн банкны картын үлдэгдэл 0-ийг заав. Өнгөрсөн аравдугаар сард БНХАУ хилээ түр хаасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Засгийн газраас Замын-Үүдэд хяналт шалгалт явуулж, нэр бүхий иргэдийг халж сольж, тусгай төлөөлөгч томилоод ч тусыг эс олов. Хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд оруулав уу гэлтэй үйл явдал болж, Замын-Үүдийн ажил хэрэг урагшилсангүй. Ууж идэхдээ уургын морь, урагшилж гишгэхдээ ургаа хад гэдэг шиг Засгийн газрын төлөөлөл өнөөдөр, маргааш хятадын тал хилээ нээн хэмээн худал ярьсаар өнөөдөртэй золгов. Манай улс 190 гаруй оронтой дипломат харилцаатай гэх авч, ийнхүү Эрээнээс хамааралтайгаар эдийн засаг нь өдрөөс өдөрт унаж, уруудсан өдрүүд үргэлжилж байна. Үр дүнд нь барилгын материал, байр, байшин, машины үнэ тэнгэрт хадсанаас өөрөөр ололт, гарцгүй жил болов.
Боловсролын салбарт хичээлийн болон сурах бичгийн хоцрогдол хосолсон жил боллоо
Боловсрол, шинжлэх ухааны салбар уналтад орсныг илтгэх хэдэн үйл явдал тохиолдсон билээ. Наад зах нь С.Төмөр-Очироор ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш ЕБС-ийн сурагчийн 174 сурах бичигт дүн шинжилгээ хийхэд нэлээд таагүй үр дүн гарав. Сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судлахад дэлхийн жишгээс бид хоцорсон гэх үзүүлэлт гарав. Өөрөөр хэлбэл, сурагч хичээлээр авсан мэдлэгээ амьдрал дээр ашиглаж чаддаггүй гэх үр дүн гарав. Харин дэлхийн хүүхдүүд компьютер сурах биш угсардаг болжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд нь их дээд сургуулийн удирдлагатай хөлөө жийлцэж, маргаан нэг талдаа гаралгүй байсаар он дуусаж байна. Үүнээс гадна соёлын шинэ сайд соёл биш төмс тарааж, хуучин сайд нь өв соёлоо өмнөд хөрш рүү гаргасан хэргээр шүүх цагдаагийн хаалга татав. Товчхондоо соёл, боловсрол, урлагийнхан иргэдээ гэгээрүүлэх, эрдэмд хөтлөх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үнэлгээг олон нийтээс авлаа.
Сайшаалтай нь Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороодоос нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөр хэрэгжүүлэв. Одоогийн байдлаар 428 сурагч энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна.
Коронавирусийн шинэ мутаци “Омикрон” хувилбар дэлхий нийтийг цочроов
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “аюултай” ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлэсэн юм. ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-нд хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авав. Үүнтэй холбоотойгоор манай улс зорилтот бүлгийн иргэд буюу 55-аас дээш насны ахмадууд, эмч, багш нар болон архаг хууч өвчтэй хүмүүст “Ковид-19” цар тахлын эсрэг вакцины гуравдугаар тунг наймдугаар сарын 18-наас хийж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт зорилтот бүлгийн 28 хувь буюу 900 мянга гаруй хүн хамрагдаад байна. Өдгөө дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж эхлээд байна. Цар тахал хүндэрсний улмаас эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал нэмэгдсэнээс эмч нарт ажлаас халшрах хам шинж ажиглагдаж эхлэв. Улмаар хүний нөөцийн хомсдолд оров. Үүнээс гадна эмийн үнэ тэнгэрт хадаж, зарим иргэн эм авч чадахгүй шүд зуун өвчнөө тэвчиж байгаа тухайгаа ярьж байв.
Түгжрэлийн эсрэг 420 тэрбум төгрөг төсөвлөв
Манай улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлд аж төрж байна. 2022 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгасан. Уг ажлыг ирэх 2022 оноос хэрэгжүүлж эхлэх аж. Үүний нөлөөгөөр хотын утаа багассана гэж төлөвлөж буй ч олон жил хууртсан хотын иргэд харин тийм ч итгэлгүй байгаа юм. Өдгөө хот утаатай байгаагийн буруутан нь хотын иргэд өөрсдөө болоод буй. Тодорхой хэлбэл, хотын дарга хийгээд ТТТ компанийн удирдлага иргэдийг түүхий нүүрс хулгайгаар түлж, амьжиргааны түвшин доогуур нэгнийг хог шатаалаа хэмээн адалж эхлээд байгаа юм.
“Андлалын хөшөө”-г нурааж, “Тэнгэрийн андгай”-г барив
1.9 тэрбумын өртөгтэй “Андлалын хөшөө”-г зохиогчийн эрхийн маргаанаар нурааж эхэлсэн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан энэ оны наймдугаар сарын 26-нд мэдээлсэн юм. Тус ажлыг гүйцэтгэж байсан “Хос санаа” ХХК 1.9 тэрбум төгрөгийг ямар ч маргаан үүсгэхгүйгээр улсад буцааж өгсөн. Харин Андлалын хөшөөний суурин дээр иргэдийн хандиваар хоёр сарын дотор “Тэнгэрийн андгай”-г бүтээсэн бөгөөд эл хөшөөний нээлтийг аравдугаар сарын 28-нд хийсэн юм. Үүнийг дагаад аялал жуулчлал хөгжүүлнэ гэж байгаа ч дэлхийн битгий хэл дотоодын жуулчид ч тус газраар тоож шагайлгүй байсаар энэ он дууслаа.
Монгол анх удаа цагаан будаа тариалж чадлаа
Арван жил уйгагүй оролдлого хийсний үр дүнд анх удаа 10 тонн цагаан будааны ургац авч чадсан талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан арваннэгдүгээр сарын 16-нд мэдээлсэн. Эх орныхоо хөрсөн тариалсан эл цагаан будааг “Хөсөг” нэрээр хэрэглэгчдийн гарч хүргэж буй аж.
Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргав
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа. Энэхүү ажиллагаанд 120 гаруй алба хаагч оролцсон юм. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м, жин нь 309 тонн юм. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт гэх дарааллаар татан гаргажээ.
Шатахуун хомсдолд орж, хязгаар тогтоов
Есдүгээр сард ОХУ-аас шатахуун нийлүүлдэг “Роснефть” үйлдвэрт засвар хийж, мөн БНХАУ-ын төмөр замын ачааллын улмаас манай улсын шатахууны импорт зогссон. Есдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 16 хоногийн нөөц байгааг АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлж байсан юм. Харин ААН-үүд 30 мянган төгрөгийн хязгаар тогтоож, иргэд шатахуун түгээх газрын гадаа хонон, өнжин “балга” бензин олж авч байлаа.
“Оюутолгой” төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг тэглэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 13-нд “Оюутолгой” төслийн Монголын эзэмшлийн 34 хувьд ногдох бүтээн байгуулалтын зардал буюу 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэсэн талаар мэдээллээ. Ингэснээр өмнө нь зарцуулсан 22 тэрбум “ногоон”-ы өр тасарч, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах аж.
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр “2030 он гэхэд Монгол улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлнэ. Мөн эл ажилд зэвсэгт хүчнийхнийг дайчилна” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд одоогоор 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгдэж буй.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:
2021-2024 он буюу бэлтгэл үе
2024-2026 он буюу эрчимжүүлэх
2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэх юм.
“E Mongolia” төсөл хэрэгжиж иргэд дугаарлахаа болив
"E-Mongolia” төслийн хүрээнд энэ онд төрийн албаны 600 үйлчилгээг цахим руу шилжүүлсэн. Ингэснээр иргэд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх дахин авах болон гадаад паспорт авахын тулд төрийн албаны үүдийг сахидаг үе дуусгавар болсон юм. Мөн энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн хуулийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагыг “E-Mongolia”-аар байгуулах боломжтой болсон.