Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжаар Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа. Газрыг эзэмшиж байгаа иргэнд учирсан хохирлыг шүүхээр тогтоолгоно. Мөн газар дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг шалгуулахаар болжээ.
Өдгөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар "Гоожингийн өндөр" гэх барилгыг 1914 онд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж барьсан түүхтэй. Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгал өвд тооцогддог эл барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор НЦУГ-ынхан хамгаалалтад аваад байна.