Монголын жүдо бөхийн холбооноос эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон тамирчдаас жин тус бүрт аваргууд тодров. Эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жинд “гал гарсан” өрсөлдөөн өрнөсөн нь тэмцээнийг уур амьсгалыг сонирхолтой болгожээ. Тэр дундаа 81 кг-д Г.Болор-Очир, Г.Одбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, Н. Дагвасүрэн, -100 кг-д Д.Цэрэнням, О.Хангал +100 кг-д Э.Мөнхжаргал, Х.Цогтгэрэл нарын хэн нь түрүүлэх бол гэж хөгжөөн дэмжигчид таамаг дэвшүүлсэн нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Ариунболд аваргын төлөө “Хангарьд”-ын Б.Цогт-Очиртой аваргын төлөө хүч сорьж илүүрхэв. 66 кг-д улсын аваргын тэмцээнд гурав түрүүлж, нэг үзүүрлэсэн Г.Хэрлэнг Хэнтий аймгийн Г.Сод-Эрдэнэ буулган авч, хагас шигшээд тунан улсын аваргаар тодров. Тэгвэл 73 кг-д “Токио-2020” олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, “Женко” клубийн Л.Анхзаяатай барилдаж, тав дахь удаагаа түрүүлсэн. 81 кг-д Г.Болор-Очир (“Хангарьд”), 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал (“Алдар”) түрүүлжээ. Жүдогийн дэвжээнд энэ удаа цахиур хагалсан бөхчүүдээс 66, 81, 100 кг-д шинэ аварга төрлөө. Эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг (“Алдар”) аваргын төлөө Б.Баасанхүүтэй, 52 кг-д Б.Хорлоодой (“Хилчин”) Б.Гал-Одтой, 57 кг-д Л.Энхрийлэн (“Сүлд”) Ц.Хулантай, 63 кг-д Б.Ганхайч (“Алдар”) Б.Баасанжаргалтай барилдаж, алтан медаль хүртэв. 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д Б.Ганзаяа нар түрүүллээ.
Сонирхуулахад, тус тэмцээний үеэр Монгол Улсад жүдо бөх үүсэж хөгжсөний түүхт 50 жилийн ойн хүрээнд Г.Хэрлэн, Х.Цогтгэрэл, Э.Ариунболд, Б.Ганхайч нарыг Алтангадас одон, Х.Санжсүрэнг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.