Улаанбаатар хотын утаа иргэдийн толгойны өвчин болсон хэвээр байна. Хүүхэд, хөгшид гадаа удаан хугацаанд байх аргагүйд хүрлээ. Иргэд цэвэр агаар “амсах”-ын тулд амралтын өдрүүдэд хотын захад шавааралддаг болов. Идэр есийн жавраас илүү хүхэрлэг хийн үмхий үнэр нийслэлчүүдийг “айлгаж”, гадаа тайван алхуулахаа байлаа. Утааны голомт бүхий газрууд эргээд улаан бүс болж хувирав.
Өчигдөр 14.00 цагийн байдлаар гэхэд Баянхошуу орчимд агаар бохирдуулагч бодисын хэмжээ стандарт давж, аюултай түвшинд хүрсэн байв. Хайлааст, Зуун айл, Нэгдүгээр хороолол орчим их бохирдолтой түвшинд байсан юм. Иргэд тухайн бүсэд амны хаалттай зорчих нөхцөл бүрдсэн гэсэн үг. Дэлхийн агаарын чанарын мэдээллийг нэгтгэн хүргэдэг “AirVisual” сайт энэ үед Улаанбаатарыг 94 хотоос наймдугаарт эрэмбэлж байлаа. Энэ бол манай улсын нийслэлийн өнөөгийн бодит байдал. Улаанбаатар одоо ч утаанд дарлуулсан, нэг шоо метрт агуулагдах хорт бодисын хэмжээгээр дэлхийд дээгүүрт давхисан, агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадаагүй хэвээр байна. Гэтэл холбогдох байгууллагынхан үүнд бодитой, ул суурьтай хандалгүй, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрэв. Бодит байдлыг мэдээлж, сэрэмжлүүлэх нь байтугай энэ талаар ганц үг ганхийлгүй өдий хүрэв. Гол, тулгамдсан асуудлаа шийдэж хүчрэхгүй атлаа олон улсын тэмцээн, уралдаанд оролцсон шиг, шагнал, урамшуулал горилсон шиг явна, тэд. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрынхан ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академиас олгодог “EcoWorld” шагналын эзнээр тодорсон гэнэ. Тус байгууллагын бодлого, үйл ажиллагааг сайшааж, Н.Н.Моисеевын нэрэмжит мөнгөн медаль олгосон юм байх. Тэд энэ тухайгаа бахархалтай гэгч нь мэдээлж, түгээж байна.
Энэхүү шагналыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга өнгөрсөн онд хүртэж байлаа. Зэрлэг амьтдын тархац нутаг болох Дээндийн нуруу, хүлэрт намаг бүхий Бэрх төглийг нийслэлийн тусгай хамгаалалтад авсан, гадаргын ус хуримтлуулах хөв байгуулсан, органик бордооны хэрэглээг дэмжих шийдвэр гаргасан зэрэгт үндэслэн түүнд энэ шагналыг олгосонд байгаль орчны салбарынхан сэтгэл хангалуун байв. Тэгвэл нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрынхан юу хийсэн бэ, ямар үндэслэлээр тэдэнд ийм шагнал олгов гээд бодохоор үнэндээ санаанд багтахгүй буй юм. Тэдний хариуцдаг гол асуудал нь агаарын бохирдол. Гэтэл Улаанбаатар хот утаанд бүрэн живчихээд байна.
“EcoWorld” бол олон улсын нэр хүндтэй шагнал. Үүнийг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь удирдлага нь бараг жил тутам солигддог, ямар ч бодлогын залгамж, халаагүй энэ газар өнгөрсөн хугацаанд хэр зэрэг үр бүтээлтэй ажилласан нь хэн бүхний нүдэнд ил байхад ийнхүү өргөмжилсөн нь хачирхалтай. Нүдээ олоогүй, эзэндээ ахадсан шагнал гэдэг энэ буюу.
Бэлтгэсэн Ж.Мишээл