Монголчууд 1630-аад оны үеэс эхлэн уван цуван Манжид эзлэгдэж, эрхшээлд нь захирагдсаар XX зуунтай золгосон. Ийнхүү бусдын эрхшээлд орсон цагаасаа монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээхийг хүсэн эрмэлзсээр ирсэн бөгөөд ХХ зууны эхнээс манжууд “Шинэ засгийн бодлого”-оо хэрэгжүүлж, Монгол орныг эрхшээлдээ тогтоон барьж байх, монголчуудыг хятадчилах, шарын шашныг хязгаарлах зэргээр монгол өв соёл, уламжлалыг устгах зорилго агуулж байв. Энэ нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэх чин хүсэл эрмэлзлэлийг нь бадраасан юм. Монголчуудын эсэргүүцэл, тэмцэл улам зохион байгуулалттай болж, өргөжин тэлж байлаа. Тухайлбал, 1900 онд Улиастайд 2000 монгол цэргийн бослого, 1903 оноос эхэлсэн ард Аюушийн тэмцэл, 1904 онд Зостын чуулганы Түмэд хошууны Баяндалайн удирдсан бослого, 1906 онд ядуу тайж Тогтохын удирдсан зэвсэгт бослого, 1906, 1910 онд Их Хүрээнд гарсан Хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олон, лам нарын үймээн зэргийг дурдаж болно.
Монголын язгууртнууд ч тусгаар тогтнолоо сэргээх арга хайж, VIII Богд Жибзундамба хутагт 1895 онд Орос улс руу элч төлөөлөгчөө илгээн, Монголын төрийг сэргээхэд тусалж, дэмжихийг хүсжээ. Оросын эрх баригчид монголчуудын урмыг хугалахгүй өөртөө татахыг хичээж, туслахыг амлахын хамт “…хэдэн жил хүлээж шалтаг тохиолыг үзэж босвол болно. Тэр цаг болтол онц нууцаар яаралгүй бэлтгэх хэрэгтэй. Олон монгол санаа нийлж бат болох нь маш чухал” гэж зөвлөсөн байдаг. Энэ тухайд түүхч Л.Дэндэв абугай “Манж, Хятадын эзэрхэг харгисын хэтэрхий дарлалуудыг олон онд эдэлж, зовлон гашуун нь өрнөж дасашгүй болсон учир тэрхүү зүдгүүрээс хэрхэн ангижрах арга замыг эрэлхийлж, ар, өврийн олон монголчууд бичиг мэдээгээр харилцан нэвтрэлцэж ахуй цаг, Богд Жибзундамба хутагтаас 1900 онд да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Очир нарыг их Орос улсын Засгийн газраа тусгай захидал бэлэг авхуулан одуулж тусалж хамгааллыг гуйсныг Орос тэр даруйд хэрэг болгож үзсэнгүй хойшлуулсан зүйл буй” хэмээн бичжээ. Жибзундамба хутагт ар, өвөр Монгол даяар үлэмж нэр хүндтэй байсан тул эрх чөлөөний тэмцэлд оролцогч ноёд, түүнийг хүрээлэн нэгдэж, нэр нөлөө, алдар хүндийг нь ашиглах бодлого баримталж байв.
Шинээр томилогдсон манж сайд Сань До 1910 оны хоёрдугаар сарын 1-нд Их Хүрээнд ирж, үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Түүний нэн даруй гүйцэтгэх үүрэг нь “Шинэ засгийн бодлого”-оо шуурхай хэрэгжүүлэх явдал байв. Тэрбээр Хүрээний сайдын хэрэгцээнд Түшээт хан, Сэцэн хан, Их шавиас нийлүүлдэг зүйлийн хэмжээг үлэмж нэмэгдүүлснээс гадна Хүрээний лам нарыг цэрэг болгож, өвөр Монголд бослого гаргаад, Халхад нэвтрэн ирсэн Тогтохын удирдсан ардын бослогыг даруулахаар илгээхийг оролджээ. Түүний энэ мэт бодлого ар Монголын ноёд, язгууртнуудын дургүйцлийг төрүүлж, түүний хувийн дутагдлыг илчлэн, тушаалаас нь огцруулахаар заалдан тэмцэж эхлэв. Тэрчлэн Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээх тэмцлийг манлайлан хошуучлагчид юуны өмнө үзэл санаагаа нэгтгэх, гаднаас тусламж дэмжлэг олохыг чухалчлав.
Ар Монголын эрх баригчид Жибзундамба хутагтад бат оршил өргөх ёслолд оролцох ташрамд урьд товлосон ёсоор дээд лам, ноёдын нууц зөвлөгөөнийг 1911 оны зургадугаар сарын 21-нд Их Хүрээнд зохион байгуулав. Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжид тэргүүтэй ноёд, хамба, шанзудба зэрэг эрх мэдэлтнүүд Эрдэнэ Шанзудбын яаманд нууцаар зөвлөлдөж, монголчуудын аж амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгт илэрхий харш “Шинэ засгийн бодлого”-ыг хүлээж авахгүй байхаар тогтов. Улмаар Манж, Хятадын эрх мэдлээс хэрхэн ангижрах арга зам сүвэгчлэхээр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав, Их шавийн да лам Цэрэнчимэд нарын ноёд Богд хан уулын арын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж дэмжлэг авч, Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээхээр тогтож, энэ тухай Жибзундамба хутагтад айлтган соёрхлыг олжээ. Тэрхүү нууц зөвлөгөөнөөс чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Оросоос тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр илгээхээр тогтож, Их Хүрээнээ суух Оросын консул Миллерт учрыг хэлж хил нэвтрэх зөвшөөрөл авсан байна. Тэд Жибзундамба хутагт болон Халхын хангууд нэр холбож, их Орос улсын эзэн хаанд өргөсөн тусламж хүсэх бичгийг авч мордон, 1911 оны наймдугаар сарын 15-нд Петербург хотод очжээ. Тэд “Хятад түшмэд Манж улсын эрхийг эдэлж, эрт эдүгээд олон Монголыг хилс бэрхээр дарлан зовоож харшуулан бүхий учрыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгөөс товчлон гаргаж мэдүүлэх нь” хэмээх 21 зүйлийг сийрүүлсэн албан бичгийг Хаант Оросын Гадаад яаманд өргөн барьсан юм.
Орос улсын эрх баригчид Монголын төлөөлөгчдөд “Одоо Чин улсаас бүрэн тусгаарлах бололцоогүй. Харин Монголд хийж байгаа шинэчлэлийг болиулах талаар Бээжинд бид мэдэгдэл хийнэ. Хятадын талаас монголчуудын эсрэг хийж болзошгүй аллага хядлагаас өмгөөлнө” гээд эл байдал хийгээд төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Их Хүрээнд байгаа Консулын газраа харгалзах цэрэг цагдаагийн хүчийг зузаатгахаар пулемёт буу бүхий 200 казах цэргийг нэмж явуулахаар амлажээ. Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван буцаж ирсний дараа Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхаглах бэлтгэл ажилд шаргуу орсон юм.
1911 оны арваннэгдүгээр сарын 28-нд Монголын ноёд, дээд лам нар Жибзундамба хутагтад айлтгал өргөж, “…Одоо өмнө газар их самуун дэгдэж олон шинэ төр байгуулан улс болон тогтож буй чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болжээ. Иймд шавь нар бид бүхэн яахан хүмүүжвээс сайн болохыг тодорхойгоор айлдах”-ыг хүсжээ. Үүний хариуд Жибзундамба хутагт лүндэн буулгаж, “…Таны ийнхүү асуусан нь маш сайн. Ер нь аливаа юманд цаг хэмжээгүй нь огт үгүй. Манж, Хятадын энэ байдал мөн цаг болсны тулд болой. Одоо монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээрээ нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхийг харгалзана. Бас лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино” гэсэн байна.
Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд тусгаар тогтнолоо сэргээх үйл хэргийг шууд удирдан зохион байгуулах төр, засгийн байгууллага болох Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар (ХХБХТЕШГ)-ыг Түшээт хан аймгийн чуулганы дарга засаг, улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Гишүүдэд чин ван М.Ханддорж, да лам Г.Цэрэнчимэд, Г.Гомбосүрэн, Ц.Гомбосүрэн, Г.Цэрэнсодном, Н.Намсрай нар багтжээ. Түр Засгийн газрын эн тэргүүний зорилт нь Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, Монгол Улсаа сэргээх хэргийг бэлтгэн зохион байгуулах явдал байв. ХХБХТЕШГ Жибзундамба хутагтын лүндэнг Өвөр Монголын засаг ноёд, Барга, Алашаа, Хөх нуур, Шинжааны монголчуудад яаралтай дамжуулж, Жибзундамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөх гэж байгаагаа нэгэн адил мэдэгджээ. Тэрчлэн Халхын дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тухай тушаал гаргаж, 1-2 хоногийн дотор Хүрээний ойрх хошуудаас 500 орчим цэрэг цугларчээ. Чингэж Чин улсын эсрэг босох бэлтгэл хангагдсан юм. Тэрхүү дайчилсан цэргээ Манжийн эзэн хааныг хамгаалах зорилготой мэтээр Хүрээний сайд Сань Дод мэдэгдэж, “Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсэж буй хэмээнэ. Манай Халхын монголчууд Чин улсын хишгийг 200 илүү он болтол эдэлсний тулд суусаар сэтгэл төвдөхгүй. Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган морьт цэрэг татаж Бээжинд орж, Дай Чин улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсгийг тоо ёсоор олгомуу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгнө үү” хэмээн тулган шаарджээ. Сань До бичгийг хүлээн аваад Их Хүрээний монгол сайдтай уулзах гэсэн боловч элдэв шалтаг хэлээд уулзаагүй тул тэр дэмий л яах аргаа олохгүй байтал хэдэн монгол лам, ноёд “Богд Жибзундамба хутагтын зарлигаар явж байна” хэмээн хүрч иржээ. Тэд “Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрөхөд бэрх хэмээн татгалзаж буй болов уу? Иймд монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, бүрэн эрхт Их Монгол Улсыг байгуулж, Богд Жибзундамбыг хаан болгон өргөмжлөхөөр тогтов” гэж мэдэгдээд, түүнийг харьяат албаны хүмүүсээ авч, маргааш манай өртөө улааг хэрэглэн хилээс гарч явах шаардлага тавьсан байна.
ХХБХТЕШГ мөн өдрийн орой долоон цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань Дог гурав хоногийн дотор Монголын нутгаас гарч явах шаардлага тавихын зэрэгцээгээр Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг бичиг гаргаж гудамж, зах зээлийн газраар нааж зарлав. Сань До арга буюу дагалдах манж, хятад түшмэдээ дагуулан Оросын консулын газарт хоргодохоор явмагц ХХБХТЕШГ-аас Чин улсын сайдын яамыг татан буулгаж, тус яамны ба сайд түшмэдийн гэр, хашаа юмсыг данслан бүртгэж, Хүрээн дэх бүх хятад цэргийн зэвсгийг хураан авчээ. ХХБХТЕШГ арванхоёрдугаар сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёсны он тооллыг халж, Монголын 12 жилийн цаг тоог баримтлан “цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв. Энэ сацуу Оросын консулын газарт хоргодож асан Чин улсын сайд түшмэдийг арванхоёрдугаар сарын 4-нд монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өртөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулав. Монголын нийгмийн бүхий л анги давхаргын сэхээлэг хэсгийнхэн нэгдэж тийнхүү Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, төр улсаа сэргээн тунхаглах бэлтгэл алхмуудаа яаравчлан хийж эхлэв.
Эрдэмтэн мэргэд судлан үзэж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах өлзий учрал бүрдсэн бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр, цагийг тогтоож, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн баасан гаргийн морин цагт VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт хаанд өргөмжлөн залах ёслолыг Их Хүрээнд хийж, Олноо өргөгдсөн Монгол Улсаа албан ёсоор сэргээн тунхаглав. Улсын нэрийг Монгол, оны цолыг олноо өргөгдсөн хэмээн нэрлэж, билгийн тооллын өвлийн дунд сарын 9-нийг улсын их баярын өдөр болгожээ. Богдын хатан Дондогдуламыг улсын эхэд өргөмжилж, Богд хаан, Эх дагина хоёрт хааны эрдэнэ хас тамга, алтан үсэгт өргөмжлөл, есөн цагаан бэлэг сэлтийг өргөж, төрийн ёслолд оролцсон бүхэн гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж ёслон мөргөв. Тийнхүү өдгөөгөөс 110 жилийн өмнө бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн авсан түүхтэй.
Богд хаан төрийн их хэргийг эрхлүүлэхээр Дотоод, Гадаад, Шүүх, Цэргийн, Сангийн гэсэн таван яам байгуулж, олон аймаг, хошууны засаг захиргааг хуучин хэвээр явуулж, тус тусын засаг ноёдын цол хэргэмийг хэвээр хэрэглүүлэн нийтээр нэгэн зэрэг дэвшүүлэн шагнажээ. Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг төрийн өндөр албанд томилж, зэрэг, хэргэм шагнажээ. Хөгшид настайчуудад мөнгө, таяг зэргийг шагнан хүртээж, хүнд, хөнгөн ялтныг өршөөж, бүрнээ хэлтрүүлэн суллав. Эзэн хааны зарлигаар Түшээт хан аймгийн жанжин, засаг, хошой чин ван Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны, Их Хүрээний да лам Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны, Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг, улсын түшээ гүн Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны, Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг, бэйс Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны, Түшээт хан аймгийн улсад туслагч гүн, засаг Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тус тус томилж, төрийн албанд үнэнч шударгаар зүтгэх тангараг өргүүлснээс гадна янз бүрийн цол хэргэмээр хөхиүлэн шагнажээ. Шинэ тулгар сэргэн мандсан Монгол Улсын Засгийн газрын яамдыг дэсэлж, Дотоод яам, түүний тэргүүн сайд чин зүтгэлт да лам Цэрэнчимэд бусад яамаа тэргүүлэх үүрэг хүлээж байв. Богдын Засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын Засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаа мэдэгдэж, найрсаг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын үр дүнд ар Монгол Манжаас салж, эртний түүхтэй Монголын төр ёс, тусгаар тогтнолоо сэргээн, үндэс угсаагаа авран чөлөөлж, Монгол Улс түүхийн тавцанд дахин гарч ирж, улс орон маань сэргэн мандах эхлэл тавигдсан юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл бараг бүх монгол угсаатныг хамран өрнөсөн, Монголын түүхэнд тохиолдсон томоохон үйл явдлын нэгэнд зүй ёсоор тооцогдоно. 1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотыг, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг Манжийн эзэрхийллээс чөлөөлснөөр ар Монголын хэмжээнд Манжийн ноёрхол бүрэн устсан билээ. Харамсалтай нь, их гүрнүүдийн бодлого зэрэг олон хүчин зүйлийн уршгаар бусад монгол туургатнаа чөлөөлөн нэгтгэх бодлого, зорилгоо хэрэгжүүлэх боломж олдоогүй юм.
Түүхийн ухааны доктор, профессор Ц.ГАНТУЛГА