"Ложон" сэтгэл заслын төвөөс “Богд зонхов" нэртэй криптоювалютыг гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Энэхүү койныг буддын философийн жинхэнэ мөн чанарыг орчин үеийн залуучуудад тайлбарлаж, таниулахын тулд гаргаж байгаа аж.
Мөн ингэснээр сүм хийдийн бүх үйлчилгээг койноор хийх боломж бүрдэх гэнэ. Түүнчлэн музей, эрдэнэсийн сан болон иргэдэд хадгалагдаж буй шашны эд өлгийн зүйлсийг блокчэйнд бүртгүүлэх гэж байгаа аж.
Энэ үеэр “Богд зонхов" койны төслийг санаачлагч Д.Батбаяр хэлэхдээ “Буддын шашны талаарх буруу ойлголт, хандлага залуусын дунд түгээмэл байна. Энэ нь өнгөрсөн түүхийн хар бараан он жилүүдтэй холбоотой. Монголчуудын үзэх дуртай кинонуудын хамгийн муу дүр, эсрэг дүр, хорон санаатай дүр нь лам байдаг. Уран зохиол, дүрслэх урлагт ч гэсэн тийм байдаг. Ийм үзэгдэл посткомуннист орнуудад ч адил. Одооны залуус шашны зан үйл гэхээсээ илүү утга агуулагад анхаарах болжээ. Энэ бол зөв хандлага. Бид буддын шашныг залуус эеээр ойлгуулахын тулд тэдний хэлээр буюу цахим технологи ашиглан дижитал орчинд буддын философийн жинхэнэ мөн чанарыг таниулах гэж хичээж байна” хэмээлээ.
Мөн уг төслийг санаачлагч Б.Эрдэмсайхан хэлэхдээ “Бид монгол хүн бүрт 108 ширхэг койн бэлэглэнэ. Мөн үүгээр дамжуулж иргэд өөрийн хүссэн мэдээллээ NFT болгон, үе дамжуулан хадгалах боломжтой. Манай койн одоогоор төслийн шатандаа явж буй. Дэлгэрэнгүй мэдээллийг Bogdzonhov.mn сайтаас авах боломжтой” гэв.