Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаанд салбар дундын оролцоог хангах нь чухлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас онцолж байна. Учир нь тус яамныхан болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эмэгтэй гишүүдийн бүлэг, Эрүүл мэндийн яам, түүний харьяа байгууллагуудын удирдлага, төлөөлөл Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг Ахмад настны үндэсний төвд өчигдөр ажиллаж, үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгааны чанар, хүртээмж, асруулагчдын нөхцөл байдалтай танилцаж, ахмадуудын санаа бодлыг сонсож тулгамдаж буй асуудлаар санал солилцож мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр Батсүмбэр сумаас Ахмад настны үндэсний төв хүртэлх 7.7 км шороон замыг сайжруулах, Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, туршлага судлах, үйл ажиллагаа үйлчилгээг төрөлжүүлэх, Ахмад настны үндэсний төвийн хажууд эмнэлэг барих асуудлыг судлах, ЭМЯ-тай хамтран ажиллах, ЭМД-аар хөнгөлөлттэй эм олгодог болох зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн шинэ оны босгон дээр ажилтан, ахмад буурлуудаа шагнаж, урамшууллаа. Үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтран тус төвд хоёр өдөр ажиллаж, асруулагчдад 4 төрлийн шинжилгээ болон багцын шинжилгээ хийж, 10 орчим төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулж, ажилтнуудад “Эмнэлгийн, мэрэгжилтний ёс зүй”, “Хүнд өвчтэй асруулагчдын асаргаа сувилгаа-хоололт” сэдвээр сургалт зохион байгуулав. Цаашид эрүүл мэндийн үзлэг оношилгооны тайлан, дүгнэлтэд үндэслэн тусламж үйлчилгээг сайжруулах, асруулагчдыг Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа хөнгөлөлтөд хамруулах, өдрийн үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авах эмийн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах нь чухал байгаа юм.
Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төв нь 160 орчим асруулагч, 120 орчим ажилтантай 2 байранд үйл ажиллагаа явуулж байна. Ахмад настны үндэсний төвийн асруулагчдыг эрүүл мэндийн байдал, бие даах чадвараас хамааруулан төрөлжүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сард байнгын асаргаа шаардлагатай болон сэтгэцийн хамааралт эмгэгтэй асруулагчдыг жирийн ахмадуудаас тусад нь байрлуулан асран хамгаалж, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн аж. Мөн асрамжийн газрын асруулагчдын хоол хүнс, хувцас, зөөлөн эдлэл, асрамжийн газарт зайлшгүй байх эм, тарианы зардлын нормативыг шинэчлэн хэрэглээний үнийн индекстэй уялдуулан 42 хувиар нэмэгдүүлсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрт нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, асруулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтын тунд асруулагчдыг бүрэн хамруулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлээр ханган, төрөөс үзүүлэх дэмжлэг, нийгмийн хамгааллын бусад арга хэмжээнд бүрэн хамруулж байна.
Улсын хэмжээнд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр нийт 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар асрамжийн газруудад нийт 400 орчим асруулагч асруулж, энэ салбарт 250 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.