2015.02.11
Дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилготой “Эко парк” төсөл хэрэгжүүлэхээр нийслэлийн ЗДТГ, Монголын хог хаягдлыг дахин болосвруулах үндэсний холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
2017.05.24
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан “Эко парк” төслийг хамтран хэрэгжүүлэхээр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо “Сектех групп”-тэй гэрээ байгууллаа.
2018.02.09
Д.БАТЖАРГАЛ (Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн):
-Төслийн хүрээнд хог боловсруулах 26 үйлдвэр барихаар төлөвлөснөөс энэ онд 10-ыг нь ашиглалтад оруулна. Ирэх жил тав, 2020 он гэхэд 26 үйлдвэр бүрэн ашиглалт оруулах зорилт тавин ажиллаж байна.
2018.05.14
С.АРИГУУН (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн):
-“Эко парк” төсөлд нэгдэж, хамтран ажиллах үйлдвэрүүдийг шалгаруулсан. Санхүүжилтээс бусад асуудал шийдэгдэж, тодорхой болсон.
Нийслэлийн хог хаягдлын 90 орчим хувийг боловсруулах, үйлдвэрлэл, технологийн “Эко парк” байгуулах төслийн шав тавиад, хэрэгжүүлэгч байгууллагууд нь албан ёсны гэрээ, хэлэл цээ хийгээд зургаан жил боллоо. Төслийн сураг чимээ дуулдаж, анх ярьж эхэлсэн цаг хугацааг оруулбал ес орчим жилийн нүүр үзэж байна. Санаачлагч нь болох Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгчээр тодорсон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Сектек групп” компанийнхан “гэрээ байгууллаа, хэлэлцээ хийлээ, төслийн ажил гараанаас хөдөллөө, энэ жил төдөн үйлдвэр барина” хэмээн тууз хайчилж, олныг цуглуулах нь холгүй мэдээлэл, сурталчилгаа хийсээр олон жилийг ардаа үдэв, ам, ажил нь алд дэлэм зөрөв. То моохон цогцолбор байтугай ганц ч жижиг үйлдвэр ашиглалтад оруулсангүй. Төслийн хүрээнд цогцлоох нийт 26, 2020 онд барихаар төлөвлөсөн 10 үйлдвэрийн ханыг босгох байтугай суурийг нь тавьж чадсангүй.
“Эко парк” гараанаас хөдөллөө хэмээн мэдээлснээс хойших хугацаанд Монголд хаягдал боловсруулах ердөө ганц үйлдвэр ашиглалтад оров. Тэр нь арьс, ширнийх. “Ноос ирээдүй” компани Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбооны дэмжлэгтэйгээр Өвөрхангайд байгуулсан үйлдвэр. Өөрөөр хэлбэл, эл төсөлтэй ямар ч холбоогүй бүтээн байгуулалт гэсэн үг. Үндсэндээ “Эко парк” төслийн хүрээнд байгуулахаар төлөвлөж, улиг болтол ярьсан ажлуудын нэгийг нь хөдөө аж ахуйн салбарынхан урьтаад орон нутагт хэрэгжүүллээ. Жилд багадаа нэг сая арьс, шир боловсруулж, үнэлэгддэггүй баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдүүллээ. Харин “Эко парк”-ийнхан ажиг сураггүй.
Хог дахин боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркийг төлөвлөсний дагуу Банзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дахь Цагаан даваа, Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутаг дахь Нарангийн энгэрт байгуулбал суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд нэг цэгт төвлөрнө. Ингэснээр энэ салбарын тулгамдсан асуудлуудын нэг болох дэд бүтэц (үйлдвэрүүдийг түүхий эд буюу хаягдал нийлүүлэгчидтэй холбох)-ийг бүрэн шийдэх боломжтой. Тодруулбал, тухайн цэгүүдэд тээвэрлэн хүргэсэн хаягдлыг үйлдвэрүүд газар дээр нь ангилан ялгаж, хэрэгтэйг нь авч, боловсруулах юм. Үйлдвэрүүд үйл ажиллагааны зардлаа хэмнэнэ, төр жил болгон хог булж устгахад зориулдаг 22 тэрбум (одоогийн тооцооллоор) төгрөгийн тодорхой хувийг өөртөө үлдээнэ. Хамгийн гол нь нийслэлчүүд хогны асуудлаасаа салж, байгаль орчин нэмж бохирдуулахгүй байх боломжтой. Тэрчлэн хогийг баялаг болгон хувиргадаг дэлхий нийтийн жишиг, ногоон технологийн үндэс суурийг Монголд тавих ач холбогдолтой. Тиймээс Улаанбаатарт “Эко парк” зайлшгүй хэрэгтэй. Үүнийг бүтээн байгуулах төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байсан юм.
Нийслэлд ус, агаар шиг хэрэгтэй энэхүү төсөл яагаад сураг чимээ алдрав, ажил нь удаашраад буйн учир шалтгаан юу вэ гэсэн асуултад хариулт авах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэст хандлаа. Цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа саатсан гэдэг тайлбар хэл лээ. “Хаягдал боловсруулах паркийн зураг төсөл, ТЭЗҮ болон холбогдох бусад тооцоо, судал гааг хийсэн. Зарим аж ахуйн нэгж эргэлтийн цэгээ тодорхойлж, газраа хөндсөн. Тө сөл зогсоогүй. Хэвийн үргэлжилж байгаа” гэж мэдээлэв. Дан ганц коронавирус л энэ төсөлд тээг болсон юм биш гэдгийг өнгөр сөн жилүүдэд “хийж хэрэгжүүлсэн” ажлууд нь хангалттай нотлон харуулж байна.
“Эко парк”-ийг хэрэгжүүлэхэд 243 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон байгууллагууд гаргасан. Зардлыг нь улс, нийслэлийн төсөв болон олон улсын байгууллагын зээл, тусламжаар шийдэхээр тодорхойлсон юм. Гагцхүү энэ хөрөнгийг шийдвэрлэж, төсөвлөж чадахгүй байгаа нь төсөл удаашрах жинхэнэ шалтгаан болсныг өөр нэг эх сурвалж хэллээ. 2012 оноос хойш хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажилласан Б “Төсөлд хамрагдах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхантай хэд хэдэн удаа уулзсан. Болно, бүтнэ, байгуулна гэдэг. Зураг төсөл, бүх “юм” нь бэлэн, санхүүжилтээ л шийдэж чадахгүй байна гэж үнэн байдлаа хэлдэг юм. Жил болгон цөөн хэдэн төгрөг төсөвлөдөг. Тэр нь юунд ч хүрэлцдэггүй. Үйлдвэрийн эздийг жилд хоёр, гурван удаа цуглуулж, хуралддаг бололтой юм билээ. Нэгэнт хэрэгжүүлэхээр шийдсэн бол хөрөнгө санхүүг нь зохицуулах хэрэгтэй. Энэ олон компанид итгэл найдвар төрүүлээд, хүлээлтийн байдалтай байлгаад байж болохгүй” хэмээн ярьсан юм.
“Эко парк” төслийг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Үндсэндээ төлөвлөсөн хугацааных нь тэн хагас нь үр дүн гүй өнгөрлөө. Ойрын жилүүдэд ч энэ хүрээнд дорвитой ажил хийхгүй нь гэсэн зураглал харагдаж байна. Цаашид хэрэгжих, эсэх нь ч эргэлзээ төрүүлэх болов. Учир нь хотын мээр Улаанбаатарын хог хаягдлын асуудлыг шийдэх өөр гарц “олсноо” танилцуулаад байна. Тэрбээр “Хог булж устгадаг хуучин технологиос татгалзах хэрэгтэй. Улаанбаатар хог булах газаргүй болох нь. Төвлөрсөн хогийн цэгүүд цөм ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тиймээс хог хаягдлыг бүрэн шатааж, устгадаг үйлдвэр байгуулах чиглэлд цаашид анхаарна” гэж мэдээлсэн юм. Холбогдох байгууллагынхан энэ дагуу судалгааны ажлаа хэдийн эхлүүлээд байна. Тэгэхээр зургаан он дамжин, “дуншиж” буй “Эко парк” хаягдал шатааж устгах үйлдвэрийн төсөлд “бут цохигдон”, алга болж магадгүй нь. Өдөр тутам үүсэж буй хаягдлыг бүрэн шатааж, устгадаг болчихвол дахин боловсруулах үйлдвэр ямар хэрэгтэй гэж. Тэндээс гарсан үнсийг л авахгүй юм бол өөр юуг нь ашиглах вэ.
Аливаа нэг ажил удаашрах тусам үнэ цэн, ач холбогдол нь буурсаар байдгийн жишээ нь энэ буюу. Мөн түүнийг дагаад нийгэм, эдийн засагт учирах хохирол үлэмж нэмэгддэг аж.