Цар тахалтай нүүр тулан тэмцсэн 2021 оныг монголчууд үдэж байна. Дэлхий нийтээс нэг жил орчмын хойно буюу нэлээд хожуу бид “Ковид-19”-тэй тулгарсан ч оносноосоо илүү барьц алдан бүтэлгүйтсэн тохиолдол олон байв.
Улмаар цар тахал нийгмийн бүх шатанд нөлөө үзүүлж, Монгол Улсыг бүх талаар нь шалгалт сорилтод орууллаа. Алдаа бүхнийг улирч буй жилтэй үлдээн, харин сургамж, ололтуудтайгаа хамт 2022 оноо угтацгаая.
Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн ээлжит сонгуулиар МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал авч, тангараг өргөв. УИХ-ын сонгуулийн араас залгаад шахам болдог Төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөнд парламентад олонх болсон намаас нэр дэвшигч илүүрхсэн цөөн хэдэн тохиолдлын нэг нь энэ. Харин Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2024 оны УИХ-ын сонгуулиас даруй гурван жилийн дараа болох бөгөөд У.Хүрэлсүх зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх анхны Төрийн тэргүүн.
Эхнээсээ, нэр дэвших замаа засахаас авхуулаад анхаарал татах олон зүйл энэ удаагийн сонгуулиар болсон. Нялх биетэй эхийг, нярай үрийнх нь хамт нимгэн хувцастай авч явсны хариуцлагыг энгийн иргэд, залуучууд эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд, Онцгой комиссын дарга нараас шаардсанаас бус, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг танхимаа аваад огцроосой гэж хүсээгүй нь хэнд ч ил байсан. Хүүхэд хуурч буй аятай, эл “ажиллагаа”-ны дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, нэг жилийнхээ ойнд хүрэх гэж байна. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдөхөөр-гүй болгосон үйл явц ч эхнээсээ авхуулаад дуустлаа дуулиан дагуулсан юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 59.3 хувьд хүрсэн нь түүхэн доод түвшин байв. У.Хүрэлсүх бол хамгийн бага ирцтэй сонгуулиас тодорсон Ерөнхийлөгч. 60 хувьд ч хүрээгүй эл дүн өнгөрсөн аравдугаар сард болсон, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулиар бүр буурч, нэмэлт санал хураалт явуулаад ч нийт сонгогчийнх нь тал ч оролцсонгүй. Өөрөөр хэлбэл, Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн дөрөв, Ц.Идэрбат Хэнтий аймгийн гурван сонгогч тутмын нэгийнх нь л дэмжлэгийг хүлээсэн атал ард түмний элч болон, төрийн эрх барих дээд байгууллагад тухалчихлаа. Угтаа ялагч болсон МАН-ын нэр дэвшигчид МАХН-ын гишүүд, дэмжигчдийн саналыг ч авсан байх учиртай. Харин МАН, МАХН-ын нэгдлийн дараах сулхан ялалтын дэргэд Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд өрсөлдсөн ХҮН-ын ялагдал өөр өнгө төрхтэй байсныг тэмдэглэе.
Сөнөсөн сөрөг хүчин
Үнэндээ “Монголд нэг намын дарангуйлал тогтлоо” хэмээн гоморхох эрх АН-ынханд байхгүй. Сүүлийн жилүүдэд болсон бүхий л сонгуульд дараалан “далаараа тавиулж”, МАН-ынханд дураараа дургих боломж өгсөн хүмүүс нь тэд өөрсдөө. Үүний бурууг АН дотроосоо хайж олохоос бус, Ардын намаас эрээд хэрэггүй.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараачаас эхлэлтэй үл ойлголцол нь улирч буй онд ил тод болж, цагаандаа гарав. Хоёр талд хэдэн ч хурал хийж, хэн хэн нь хэчнээн удаа Дээд шүүхэд хандаад, татгалзсан хариу авсныг тоолоод ч нэмэргүй болов. Сүүлдээ талууд нь дотроо хагаралдаж, хоёроос ч олон хэсэгт хуваагдах нь бололтой. Тодруулбал, 2020 оны сонгуульд намаа удирдаж ороод өвдөг шороодсон, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөөд ялагдсан С.Эрдэнэ энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээс Дээд шүүхийн цахим бүртгэлийн санд АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ илгээж эхэлжээ. Ингээд зогсохгүй түүний удирдан зохион байгуулсан хурлаас тодорсон М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ ч С.Эрдэнэ буцаан татлаа. М.Тулгат ч С.Эрдэнийн талаар таагүй үг унагах болов. Намын бүртгэл нь наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон, тамгаа тойрон хэрэлдэж байгаа АН-ынханд найдах зүйл алга. 2024 онд парламентын ээлжит сонгуулийн дүнгээр дараагийн УИХ байгуулагдтал сөрөг хүчний орон зай хоосон байх нь. Эзэнтэй, бүр УИХ-д бүлгийн хэмжээнд цөөнх бүрдсэн байхад ийн хэлж байгаа нь төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд АН-ынхан сөрөг хүчний дуу хоолой болж чадахгүй, амьгүй албат мэт байгаатай холбоотой. 1996-2000 оны парламентад О.Дашбалбар, 2000-2004 оны УИХ-д Л.Гүндалай ганцаараа ч сөрөг хүчний үүргийг хангалттай сайн биелүүлж, олонхын үйл ажиллагааг хянаж чаддаг байсан юм. Харин хууль тогтоох байгууллагад сонгууль дараалан нэг нам үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн энэ үед сөрөг хүчин улам сайн ажиллах ёстой атал АН-ынхны байгаа нь энэ. Үнэндээ эрх баригч Ардын намынхан АН-аас айхгүй, сошиал орчинд өрнөж бүү шүүмжлэл, шаардлагын мөрөөр л буруу, хазгай зарим зүйлээ засаж, залруулах маягтай ажиллаж байна шүү дээ.
Оюутолгойн гэрээг шинэчилж, сайжруулах олон жилийн мөрөөдөл биелэх нь
Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар манай зүгээс багагүй хугацаанд хөөцөлдөн, “Рио тинто” болон “Туркойз хилл” компанид санал тавин, хэлэлцээр хийхийг хичээсэн. Эл асуудал эцэслэн шийдэгдэхгүй удааширч, уг төслийн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсээр талуудын хооронд үл ойлголцол гүнзгийрсэн гэж болно. Тэгвэл дээрх компаниудаас манай зарим гол саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, Ерөнхий сайдад хаяглан таван санал бүхий захиаг ирүүлсэн нь онцлон тэмдэглэх үйл явдал боллоо. Тодруулбал, “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 орчим тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх боломжтойг захидалд дурджээ. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон уг уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах санал гаргасан аж. Өөрөөр хэлбэл, “Дубайн” гэрээг цуцлах боломж бүрджээ. Түүнчлэн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахад татгалзах зүйлгүйгээ илэрхийлж, гүний уурхайг ашиглалтад оруулж, олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаа мэдэгдсэн. Ингэснээр “Эрдэнэс оюутолгой” компанид нэмэлт өр үүсгэхгүй байх боломж бүрдсэн хэрэг. Эцэст нь “Оюутолгой” компанийн засаглал болон гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч, харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюутолгой” төслийн зүгээс төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангах гэрээ байгуулахыг дэмжиж буйгаа дээрх захидлаар илэрхийлсэн байна. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 30 орчим хувиар буюу 1.4 тэрбум гаруй ам.доллароор хэтэрч, ашиглалтад оруулах хугацаа хоёр жилээр хойшилсонд хөрөнгө оруулагч болон Монгол Улс хоорондын маргаан эхэлсэн. Түүнчлэн зардлын хэтрэлт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой хяналт хийлгэхээр хөндлөнгийн шинжээчийг ч бид урьж, ажиллуулсан юм. Улмаар “Рио тинто” болон “Туркойз хилл” компанид хандасны үр дүнд ийнхүү гол саналаа зөвшөөрүүлсэн албан захидлыг хүлээн авсан. Дээрх төслийн гэрээг хэрхэн өөрчлөх, нэмэлт ямар зүйл заалт оруулах, цаашид хэрхэн хамтран ажиллахаа талууд одоогоор хараахан шийдээгүй, зөвшилцөх, хэлэлцэх, саналуудаа нягтлах маягаар асуудал үргэлжилж байна.
Амьдрал сайжруулах 10 их наяд төгрөгийн зээл, дэмжлэг
Цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг мөн. Цогц төлөвлөгөөнд иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, орон сууцжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон малчдын амьжиргааг дэмжих талаар тусгасан. Мөн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхлүүлсэн. Тодруулбал, ажлын байрыг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгосон явдал. Түүнчлэн Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүүгийн зургаан нэгж хувийг, иргэдэд олгосон зээлийн долоон нэгж хувийг хариуцан төлөх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүссэн зээлийнх нь 60 хүртэлх хувийг Зээлийн батлан даалтын сан гаргахаар зохицуулсан билээ. Монголбанк, Сангийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, арилжааны 10 банк хоорондын харилцаагаар зохицуулагдаж буй уг зээлийн хүсэлтийг өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүлээн авсан юм. Ийнхүү зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэлснээр зээлийн хэмжээ нэмэгдэн, өнгөрсөн сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.2 хувиар өссөн дүн болсныг Төвбанкнаас дурдав. Улмаар гурван хувийн хүүтэйгээр иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38 сая төгрөг байгаа бол аж ахуйн нэгжүүд дунджаар 240-өөд сая төгрөгийн зээл авсныг Сангийн яамны өнгөрсөн сард мэдээлсэн.
Цар тахлын нөлөөллийг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд учрах дарамтыг багасгах зорилгоор улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс тэглэсэн. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон эл хөнгөлөлтийг цуцлах байсан ч энэ оныг дуустал хэрэгжүүлж буй. Эл хөрөнгийг “Эрдэнэт үйлдвэр” гаргаж буй бөгөөд энэ сарын байдлаар буюу нэг жил гаруйн хугацаанд 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн энэ онд хатуу хөл хорио удаа дараалан тогтоосны улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого багассан хэмээн тооцон иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгосон. Санхүүгийн эх үүсвэрийг нь “Оюутолгой” компаниас улсад төлөх ёстой татврын өрөөс гаргуулж, нийт 1.2 их наяд гаруй төгрөг төлүүлсэн талаар Засгийн газраас мэдээлсэн юм. Вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан иргэн бүрт 50 000 төгрөг олгосон нь ч иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой дэмжлэг болов. Одоогоор манай улсын иргэдийн 70 орчим хувь буюу 2.1 сая гаруй иргэн хоёр тун вакцин хийлгээд байгаа юм.
Өршөөл, уучлал, хөнгөн ял шийтгэлээр цагаан захтнуудыг “мялаажээ”
Улирч буй 2021 он улс орны дотоод байдалд олны анхаарал татсан олон үйл явдал тохиов. Эрүүгийн буюу гэмт хэргийн нөхцөл байдалд олны анхаарал татсан хэрэг зөрчил цөөнгүй гарлаа. Тэр дундаас олимпын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж явсан эрхэм аварга савнаасаа бусдыг дийлдэг сархдын балгаар үй зайгүй андыгаа зодон хүнд гэмтэл учруулснаас болж олон сар эмнэлгийн орон дээр тарчилж байгаад өнгөрсөн долоо хоногт тэнгэрийн оронд очсон нь хүмүүсийн анхааралд хамгийн их өртөж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас Өршөөлийн хууль батлан хэрэгжүүлж, амьдралдаа алдаа гаргаж, “аав”-ын хаалга татсан олон олон хүнийг эл хуулийн үйлчлэлд хамруулав. Үүгээр ч зогсохгүй 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулсан 6.1 сая зөрчлийн 168 тэрбум төгрөгийн торгуулийн зарим төлөөгүй мөнгөн дүнгээс өршөөсөн. Энэ удаагийн Өршөөлийн хууль нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, авлигын, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулснаараа өмнө гарч байсан энэ төрлийн хуулиудаасаа онцлог болсон юм. Өршөөлийн хууль батлахаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг гаргаж цөөнгүй хүнийг ялаас чөлөөлсөн. Тэдний дунд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн байсан хүмүүс багтсан билээ.
Уг нь Монгол Улс авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, Засгийн газар ч албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зэрэг хэрэгт холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлага тооцохоо зарлан тунхаглачихаад байгаа. АН-ын лидерүүдийн нэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүсийн гэм буруутайг анхан шатны шүүх тогтоож, ял шийтгэлээ. МАН-аас УИХ-д нэр дэвшин хэдэнтээ сонгогдож байсан, эрх баригч намынхныхаа дэмжлэгээр “Эрдэнэс Монгол” компанийн захирлын албан тушаалд томилогдоод төдийлөн удаагүй Д.Хаянхярвааг хахууль авсныг хууль сахиулагчид илрүүлэн, албан тасалгаанд нь нэгжлэг хийснээс хойш тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, прокурортойгоо ял “наймаалцан” торгуулав. Үүнээс өмнө НПГ-ын ерөнхий прокурор байсан Ш.Нямдорж ч яг ийм байдлаар “хариуцлага” хүлээсэн. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж буй Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлж болохоор хуульчилсан нь өдгөө цагаан захтнууд хөнгөн ял шийтгүүлэх боломж бүрдүүлсэн гэхэд болно.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр хүндийг ард түмний дунд үгүй болгоод зогсохгүй, Монголыг дэлхийд муухай харагдуулах болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг АТГ-ынхан шуурхай шалгаж шийдвэрлэх бодлого баримтлан ажилласны үр дүнд цагаан захтнуудын учруулсан олон тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлж, заримыг нь битүүмжлэн хамгаалаад буй. Тэдгээрийн дунд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатар хахууль авч, олон улсаар дамжуулан мөнгө угааж, 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Британийн Лондон хотод 110 ам метр талбай бүхий орон сууц худалдан авсныг тогтоон битүүмжлэн хамгаалалтад авсан билээ. АТГ-ын мөрдөгчид НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон орнуудтай мэдээлэл солилцон ажилласны дүнд гадаадад гарсан хөрөнгүүдийг буцаан авчрах арга хэмжээ авч эхэлсний нэг бодит жишээ нь энэ болж байна. Жинхэнэ авлигачидтайгаа тэмцдэггүй, жараахай л хөөцөлддөг хэмээн гоочлуулдаг байсан АТГ-ынхны хийж буй тэмцлийн үр дүнд манай улсын авлигын индекс тодорхой хэмжээгээр буурах биз ээ.
Цахим мөнгө, дижитал арилжааны “цан цохив”
Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшилтэй зэрэгцэн виртуал хөрөнгийн зах зээл олон улсад төдийгүй манай оронд ч эрчимтэй тэлж, арилжааны идэвх огцом өссөн нь оны онцлох үйл явдал байлаа. Тухайлбал, Монголд крипто зах зээлийн үнэлгээ нэг жилийн хугацаанд хоёр их наяд төгрөгөөс давжээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 53 хувьтай тэнцсэн бол даатгалын компаниудын орлогоос ес, банк бус санхүүгийн байгууллагын олгосон зээлийн хэмжээнээс хоёр дахин өндөр дүн болсон. Улмаар иргэдийн хадгаламжийн 17.4 хувь, гадаад валютын албан нөөцийн 16.8 хувь, аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр болон харилцах дансанд буй бэлэн мөнгөний 37 хувьтай тэнцсэн дүн бүхий хөрөнгийг вируал мөнгө авахад зарцуулжээ. Манай улсын насанд хүрэгчдийн 30, ажил эрхлэгчдийн 50 хувь ямар нэгэн койн, токеныг дунджаар дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан албан бус тооцоо ч бий. “Энэ бол дэлхийн аль ч улстай харьцуулахааргүй, дахин давтагдах боломжгүй хэт хөрөнгө оруулалт, халуурал” хэмээн эдийн засгийн сэтгүүлч, шинжээчид бичжээ. Монголд одоогоор цахим хөрөнгийн 20 бирж, 30 гаруй койн арилжиж байгаа юм. Харин олон улсын зах зээлд 15 000 орчим койн идэвхтэй арилжаалж байгаа бөгөөд зах зээлийнх нь нийт үнэлгээ 2.6 их наяд ам.долларт хүрчээ. Технологийн салбарынхны төсөөлж буйгаар блокчэйнд суурилсан эдийн засаг, зах зээлийн дэд бүтэц 2030 он орчимд гольдролдоо орж, санхүүгийн зах зээлд тэсрэлт хийх магадлалтай хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. Блокчэйн нь хөгжлийн эхний үе шатандаа явж буй технологи бөгөөд ямар аргаар хөгжүүлэх, үр дүнг нь хэрхэн үнэлэх, яаж зохицуулах зэрэг олон асуудал одоогоор тодорхойгүй хэвээр байгааг онцлох нь зүйтэй. Манай улсын хувьд аливаа эрсдэлэээс сэргийлэх зорилгоор “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулж, энэ сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх нь дэмжлээ.
Хүний хэмжээнд үнэлэгдээгүй 2000 амь
“Ковид-19” цар тахал Монгол Улсын 2000 орчим иргэнийг авч одов. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр уг өвчний улмаас өчигдрийн байдлаар 1981 иргэн нас баржээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар 29-нд манай улсад анх удаа коронавирусээс улбаатай нас баралт бүртгэгдсэн билээ. Түүнээс хойших нэг жилийн дотор нас баралт эрчимтэй нэмэгдэж, ялангуяа коронавирусийн дельта хэлбэрийн тархалтаас үүссэн гурав дахь давлагааны оргил үед буюу өнгөрсөн 9-10 дугаар сард хоногт дунджаар 15 хүн эндэж байлаа. Тэр дундаа 50 гаруй хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барав. Бас “Ковид-19”-өөр өвчилсөн иргэн эмнэлэгт очсон ч тусламж, үйлчилгээ авч чадалгүй байсаар гадна нь нас барсан. Гэтэл эрүүл мэндийн салбарынхан тухайн иргэн архичин, гэр оронгүй, тэнэмэл хүн байсан гэж мэдэгдэн, олны нүдийг орой дээр нь гаргав. Эмч нарын ёс зүй, эмнэлгүүдийн ялзрал ийм түвшинд хүртлээ доройтжээ. Эдгээрээс ч илүү харамсалтай үйл явдал бол эрүүл мэндийн салбарынхан “Цар тахлаас улбаатай нас баралт манайд олон улсын дунджаас бага байгаа” хэмээн бараг л өндөр амжилт гаргасан гэж сайрхсан явдал юм. Уг нь цар тахал эдгэрэшгүй бус, сэргийлж, эмчилж болох өвчин. Гэтэл эрүүл мэндийн салбарынхан өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс голдуу нас барсан хэмээн эгээтэй л жам ёсных мэтээр ярьж сууцгаах. Бас “Бид маш их ачаалалтай ажиллаж байна” гэж улигласаар нэгэн оныг өнгөрөөлөө.
Эрүүл мэндийн яамныхан уржигдар салбарын 100 жилийн ой гэх сүртэй арга хэмжээ зохион байгуулав. Сайд С.Энхболд салбарын ололт амжилтын талаар илтгэл тавьж, 100 жилийн хугацаанд манай улсын эрүүл мэндийн алба үсрэнгүй хөгжилд хүрсэн гэж дөвийлгөв. Цар тахлын улмаас нэг жилд 2000 орчим иргэн нь одчихоод байхад дорвитойхон уучлал гуйж чадаагүй салбарынхан ой тэмдэглэж дарвицгаах нь гутамшигтай.
Урагшгүй УОК ба хүний эрхийн зөрчлүүд
Хүний эрх дарга нарын уланд гишгэгдэж, “double standard” өндөр түвшинд хүрч “хөгжсөн” нэгэн он улирлаа. Цар тахал дотоодод тархсанаас шалтгаалан монголчууд хөл хорионд энэ оныг угтаж, гэрээсээ гарах эрхгүйгээр гурван сар шахам болсон. Улсын онцгой комисс (УОК)-т гамшгийн менежмент огт байгаагүй бөгөөд иргэдийг хорьж цагдахаас өөр дорвитой арга хэмжээ аваагүй. Түүнчлэн Үндсэн хуульд заасан иргэнийхээ эх орондоо эргэж ирэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн олон үйл явдал боллоо. Гадаадаас ирэх гэсэн иргэд хэдэн мянгаараа өргөдөл гаргаж, УОК-ын шийдвэрийг хүлээж суудаг жишиг тогтов. Дарга нарын хүүхэд тусгай үүргийн онгоцонд багтаад ирчихдэг, харин жирийн иргэд хэдэн сар хүлээж, зарим нь харийн улсад орох орон, идэх хоолгүй хоног төөрүүлж явсан жишээ ч бий. Бас арайхийн эх орондоо ирчихээд 21 хоногийн тусгаарлалт гэх “шоронд” мөнгө төлөн суудаг жишиг тогтсон.
Мөн хувийн нууцаа хамгаалуулах эрх хамгийн ихээр зөрчигдсөн жил өнгөрлөө. Халдвар авсан иргэдийн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж, ЭМЯ өдөр бүрийн хурлаараа зарлаж, “Иргэд гадуур тэнэснээр л халдвар их тархлаа” хэмээн загнадаг болсон. Яг бодит байдалд бол иргэд гэрээсээ гарч чадахгүй шахам хавчигдаж байхад эрх баригчид халдвар хамгааллын дүрэм мөрдөхгүй, дуртай газартаа бөөгнөрч байлаа. Олон нийтийг хамруулсан арга хэмжээг хориглосон үед төр, засаг өөрсдөө оройлон “Цахим үндэстэн” арга хэмжээ зохион байгуулсан. Тэр хэрээр халдвар өргөн хүрээнд тархсан. Гэтэл үүний гол буруутнууд өдий хүртэл хариуцлага хүлээгээгүй бөгөөд “double standard” буюу дарга давуу эрхтэй, жирийн иргэд эрхгүй шахам байдаг гаж үзэгдэл улам гүнзгийрлээ. Энэ мэт асуудал, “double standard”-ыг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаал хийсний төлөө зарим нь шоронд хоригдож, нэг хэсэг нь мөнгөн торгууль төлөхөөр болсон. Хүний эрхийн зөрчлүүд их гаргах болсонтой холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т удаа дараа хандсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Мөн УОК-ын хуралд төлөөллөө оролцуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.
Инфляц 10.5 хувьд хүрч зорилтот түвшнээс давлаа
Дэлхий нийтээр энэ онд бараа, үйлчилгээний үнийн өсөлт эрчимжин, инфляцын түвшин олон улсад Төвбанкных нь зорилтот түвшнээс давжээ. Үүнд цар тахлын давлагаа намжин, эдийн засаг идэвхжин, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнэ нэмэгдсэн, тээвэр ложистикийн хүндрэл үүссэн зэрэг хүчин зүйл нөлөөлсөн байна. Манай орны хувьд ч хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.5, энэ оны эхнээс 11.1, аравдугаар сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь Монголбанкны зорилтот түвшин буюу 6-8 хувиас 2.5-4.5 нэгжээр ахисан үзүүлэлт төдийгүй бодит байдалд өргөн хэрэглээний барааны үнэ илүү олон хувиар чангарч, үнийн хэт хөөрөгдөл үүсгэлээ. Иргэдийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 373 нэр, төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулж буйгаас 45.5 хувийг нь импортолдог аж. Түүнчлэн гадаадаас худалдан авч буй барааны 57 орчим хувийг Эрээн-Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлдгийг Гаалийн ерөнхий газрын тайланд дурсан. Тэгэхээр өргөн хэрэглээний хоёр бараа тутмын нэг нь импортынх, үүнийг Эрээн-Замын-Үүдээр татан авдаг нь үнэ өсөх том шалтгаан боллоо. Тухайлбал, өнгөрсөн хавар манай улс руу ирүүлэх хэдэн мянган чингэлэг Тянжинь боомтод гацсанаар асуудал эхэлсэн. Түүнчлэн цар тахлын дэгдэлтээс сэргийлэх зорилгоор урд хөршийнхөн удаа дараа хатуу арга хэмжээ авч, Монголтой хиллэж буй боомтуудын халдвар хамгааллыг сайжруулж, ариун цэврийг хангуулахыг сануулсан ч бид биелүүлээгүй. Улмаар Эрээн-Замын-Үүдийн боомтоор нэвтрэх автомашины хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 14-нөөс хязгаарлан, өдийг хүртэл хэвийн болгоогүй байна. Ийм удаа дараагийн “цохилт”-оос шалтгаалж нарийн ногоо, жимсний үнэ сүүлийн 2-3 сард 70, бусад барааных 30-50 хувиар өссөн бол ачаа тээврийн зардал тонн болон нэг автомашин тутамдаа ганц жилд 3-4 дахин нэмэгдлээ.
Монголбанкнаас инфляцын өсөлтийг “Нийлүүлэлтийн гаралтай” хэмээн тайлбарлаж буй бөгөөд банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй хэмээв. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шинжтэйгээр нэмэгдэх төдийгүй ирэх оны эхний улиралд хамгийн дээд утгыг үзүүлэх ч магадлалтайг тэмдэглэсэн. Харин 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төвбанкны зорилтот түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж. Нийлүүлэлтийн болон зардлын шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарахгүй байх нь инфляц дунд хугацаанд өндрөөр тогтох эрсдэлийг үүсгэх учраас ирэх оноос шаардлагатай тохиолдолд бодлогын хүүний тохиргоог хийхээ Монголбанкны ерөнхийлөгч нэгэнтээ дурдсан юм.
Монголчууд паралимп, дэлхийн аваргатай болсон
Спортын ертөнцөд өрнөсөн олон үйл явдлаас олимпын наадмыг хойшлуулсан нь ховорхон тохиол байв. Олимп, паралимпийн наадмыг товлосон хугацаанд нь зохион байгуулахаар багагүй саад бэрхшээлийг даван туулсны эцэст Токиод галт бамбар асаан, хөшгөө нээсэн нь хүн төрөлхтнийг айдсаас холдуулж, тамирчдын баяр догдлол, харуусал, тэмцэл, шагналын тавцанд баярын нулимстай зогссон гайхалтай мөчийг харах баясал бэлэглэв. Өмнө нь тохиогоогүй уналтыг тамирчид бие, сэтгэлээрээ даван туулж, хүнд үеийг боломж болгосноо ч харуулсан. Олон улсын олимпын хороо, дэлхийн спортын холбоод 2021 оныг үр бүтээлтэй үдэхийн тулд тамирчдаа олимпод оролцуулсны дараа байнгын бэлтгэлтэй байлгахыг зорьж, тив, дэлхийн тэмцээнийг цахим, танхимаар, үзэгчгүй зохион байгуулж шинэ оныг угтах нь.Монг
олчууд Токиогийн олимпын наадамд спортын 10 төрөлд, 43-уулаа оролцов. Ширээний теннис, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд анх удаа оролцох эрх авсан нь онцлох үйл явдал байлаа. Тэр тусмаа багийн спортоос сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэйчүүд анх удаа өрсөлдөж, жүдод Монголын иргэншилтэй гадаадын легионер Саид Моллаей зодоглосон нь олон улсын төдийгүй дэлхийн үзэгчдийн анхаарлыг татсан. Жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медалиар амжилтын салхийг хагалсан. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан бол 81 кг-д Саид Моллай мөнгөн медаль хүртэн монголчуудыг огшоосон билээ. Өдгөө тэд дэлхийд чансаагаараа эхний таван байрт бичигдэж буй. Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс 53 кг-д Б.Болортуяа хүрэл медаль зүүснээр Токиогийн олимпод оролцсон 206 орноос 47 дугаар байрт жагслаа. Үүний дараахан болсон паралимпийн наадамд Монголоос спортын зургаан төрөлд 11 тамирчин оролцсоноос Гавьяат тамирчин, “Рио-2016” олимпын хүрэл медальт Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилт тогтоон алтан медаль хүртэв. Үүнээс гадна саяхан Гавьяат тамирчин М.Анхцэцэг дэлхийн аварга болж, Монголын хүндийг өргөлтийн спортод түүхэн амжилт үзүүлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг. Монголын тамирчид олимпоос нэг мөнгө, гурван хүрэл, паралимпийн наадам, хүндийг өргөлтийн ДАШТ-ээс тус бүр алтан медаль хүртсэн амжилттай шинэ оныг угтаж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлүүлэв
Цар тахлын нөлөөгөөр нийгэм, цаг үеийн байдал тогтворгүй, ороо бусгаа байсан ч төр, засаг байгаль хамгааллын асуудалд анхаарал хандуулахаа умартсангүй. Цэнгэг усны томоохон ай сав болох Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэв. 1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг хойд хөршийн тусламжтайгаар татан гаргаж, “далай ээж”-ийг дарамтаас чөлөөллөө. Зэрлэг амьтны эрлэг болсон төмөр замын өргөст торны асуудалд холбогдох байгууллагынхан анхаарал хандуулж, судалсны үр дүнд гурван байршлынхыг буулгахаар хэлэлцэж байна. Биотехнологийн судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Генетик нөөцийн тухай хууль баталлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, эхлүүлэв.
Энэ онд хэрэгжүүлсэн, санаачилсан ажлуудаас хамгийн онцлог нь мод тарих үндэсний хөдөлгөөн байв. Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний ахуй амьжиргаанд заналхийлж байгаа цөлжилтийн аюулыг намжааж, шар шороон шуурганы давтамжийг бууруулах үр дүнтэй арга бол мод тарих. Өдгөө манай орны нутаг дэвсгэрийн багагүй хувь цөлжиж, доройтсон. Тиймээс 2030 он хүртэл тэрбум, тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих зорилт дэвшүүлсэн” хэмээн зарласан нь олон улс, дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болов. Ингэснээр бид жилд дунджаар 125 сая мод тарьж, тарьснаа ургуулах үүрэг хүлээв.
Ерөнхийлөгчийг ийнхүү зарласнаас хойш монголчууд “Тэрбум мод”-оор “амьсгалав”. Намрын мод тарих өдрүүд өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээнд, дуу шуугиантай болов. Орон нутгуудад ойрын жилүүдэд хагас тэрбум мод тарих амлалт өгөв. Уул уурхайнхан 2030 он хүртэл 600 гаруй сая “уушги” хөрсөнд үндэслүүлэхээр батламж гардлаа. Одоогийн байдлаар 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллага энэ санаачилгад нэгдээд байна. Ойн салбарынхан хэдэнтээ чуулж, зөвхөн эл хөдөлгөөний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх холбоо, нэгдлүүдийг байгууллаа. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу ирэх онд Ойн агентлагийг сэргээн байгуулахаар шийдвэрлэв. Тарьц, суулгацын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мод үржүүлгийн газруудыг дэмжин ажиллахаар боллоо. Ойн салбарт ажиллагсдын үнэлэмж, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарахаа Ерөнхийлөгч хэлэв. Цөлжилтийг бууруулах чиглэлээр манай улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн БНСУ, БНХАУ-ын холбогдох байгууллагынхан үүнийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Монголчууд 2010 оноос хойш Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 1.2 сая мод тарьсан. Гэвч тэдгээрийн хэд нь ургасан, хэчнээн нь үхсэн бэ гэдэгт хариулт ололгүй өнөөдрийг хүрэв. “Тэрбум мод” тарих санаачилга энэ алдааг давтах ёсгүйг, тоонд бус, чанарт анхаарах нь чухлыг, яаруу сандруу бус, тооцоо, судалгаанд үндэслэж “хөдлөх” хэрэгтэйг салбарын судлаач, мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Түүнчлэн иргэдийн экологийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх нь том амлалт биелүүлэх хөдөлгөгч хүч болно гэдгийг учир мэдэх хүмүүс хөндсөөр байна.
Орон нутгийг шүлхий “нөмөрлөө”
Малын гоц халдварт шүлхий өвчин он гарснаас хойш 19 аймгийн 135 сумд дэгдлээ. Улаанбаатар хот, Орхон, Өмнөговиос бусад аймагт уг өвчин тархаж, тархалтыг тогтоон барих, намжаахад амаргүй болов. Үүнээс гадна манай улсад өмнө нь гарч байгаагүй, гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин энэ жил дэгдэж, зүүн гурван аймгийг “нөмөрлөө”. Бас цэцэг, бог малын мялзан өвчин ч бүртгэгджээ. Малын өвчлөл ийнхүү эрс ихэссэн нь цар тахлын үед манай улс хөдөө аж ахуйн салбартаа төдийлөн анхаараагүй, урьдчилан сэргийлэх вакцинуудыг бэлтгээгүй, үүнд зарцуулах хөрөнгө төсвийг танасантай холбоотой гэнэ. Шүлхий анх тархахад мал эмнэлгийн албаныхан ихэд нууцалж байлаа. Улмаар хяналтаасаа алдаж, орон даяар тархаж эхлэхэд нь л олон нийтэд мэдээлж, “Вакцин бага учраас хяналтад авч чадахгүй байна” гэж өөрсдийгөө өмөөрөх болсон. Уг нь 12 сая гаруй малд вакцин хийж, өвчин гарсан сум бүрт хорио цээрийн дэглэм тогтоон, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгүүд байгуулах зэргээр арга хэмжээ авч буй ч өдий хүртэл хяналтдаа авч чадаагүй. Нөхцөл байдал цаашид хэрхэх нь ч тодорхойгүй. Манай улс шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэггүй болохоор ирэх онд гадаадаас захиалан авч, илүү олон мал хамруулснаар л өвчний тархалтыг хумих боломжтой гэж холбогдох албаныхан мэдээлээд байна.