Коронавирусийн омикрон хэлбэрийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирсэн бүх иргэнийг маргаашаас эхлэн гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Түүнчлэн хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд бүх зорчигчоос шинжилгээ авах аж. Уг шийдвэртэй холбоотойгоор холбогдох албаныхан өчигдөр хуралдаж, иргэдийг хүлээн авах тусгаарлах байрнуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар тусгаарлан ажиглах 20 байранд нийт 1194 өрөө буюу 2191 ор бэлтгэжээ. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн зочид буудлуудыг тусгаарлах байрны зорилгоор ашиглаж буй гэнэ. 0-3 настай хүүхдийг үнэ төлбөргүй тусгаарлана. Харин 4-12 настай бол хоногийн 50 000, 13-аас дээш насныхан 100 000 төгрөг төлөх юм байна. Үүнээс гадна “Ибис”, “Туушин”, “Кемпински”, “Новотел” зэрэгт иргэд тухайн зочид буудлын тарифын дагуу төлбөр төлж, тусгаарлагдах боломжтой аж. Тусгаарлан ажиглах байрны төлбөрийг тухайн зочид буудалдаа тушаах юм.