ХХААХҮЯ, УУХҮЯ тэргүүтэй яамд, Үндэсний хөгжлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран ирэх оны хоёрдугаар сард “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд” арга хэмжээг АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулахаар болжээ. Энэ нь Монголыг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна.
Үндэсний хөгжлийн газар энэ үеэр хөрөнгө оруулагчдын чуулган, төсөл танилцуулах тусгай уулзалт зохион байгуулах нь. Эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдол бүхий санаачилгуудыг танилцуулахаар төлөвлөжээ. Иймд Монгол Улсад нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татахуйц төслүүдийг бүртгэж эхэлсэн байна. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын зах зээлд гарах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг Аялал жуулчлалын хөгжлийн төвийн info@mto.mn хаягаар бүртгэж буй гэнэ.
Бэлтгэсэн Ж.Гантиг