Мөсөнд авиралтын спорт болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор, “Улаанбаатар аялагч” клуб, Монголын уулчдын үндэсний холбооны дэмжлэгтэйгээр олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд мөсөн хана барьж байна. Тодруулбал, “Найрамдал” төв дэх 15.5 метрийн өндөр цамхгийг мөсөөр шавахад тус клубийн гишүүдээс гадна “Хоризон”, “Их оргилд”, “Хайрхан”-ыхан гар бие оролцож буй. Цаг агаар өдгөө харьцангуй дулаан байгаа учир цас, ус хольж, шавах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байгаа гэнэ.
Улирлын чанартай ч мөсөнд авиралтын төрлийг Монголд хөгжүүлэх, олон улсын тэмцээнд оролцох тамирчдаа бэлтгэхэд мөсөн хана барих ажил чиглэсэн юм. Спортын энэ төрлөөр болдог тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцдог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотод болсон “Горы Байкала” клубээс зохион байгуулсан тэмцээнд оролцсон Монголын уулчдын үндэсний холбоо, “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр хурд ны төрөлд алтан медаль хүртэж, техникийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн. Мөн “Монголиан экспедишн компани”, “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин, спортын мастер Д.Отгонхүү хурдны төрөлд мөнгө, техникийнхэд хүрэл медаль хүртсэн юм.
Бэлтгэсэн З.Тайван