Хоёр оны зааг гэдэг бол хувь хүн, хамт олон, улс даяар хийсэн бүтээснээ үнэлж цэгнэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох чухал мөч байдаг. “Монгол ньюс” компанийн хамт олон ч энэ онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, шилдгүүдээ тодруулж, баяр хүргэцгээв. Өнгөрсөн хоёр жил шахмын хугацаанд цар тахал нийгмийн бүхий л салбарт нөлөөлж, үйл ажиллагааг нь тодорхой хэмжээгээр “хумьсан”. Нөхцөл байдал амаргүй байсан ч бид олон нийтэд шуурхай, бодит мэдээлэл түгээх, нийгэм дэх аливаа асуудлыг хөндөх, тэдгээрийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүргээ таслалгүй биелүүлэхэд анхаарч ажилласан юм.
Уг үүргээ биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан ажилтнуудаа бид шилдгээр шалгаруулсан юм.
Энэ жилийн шилдгийн шилдэг нийтлэлийг бичиж, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэж чадсан гурван сэтгүүлч сонины хамгийн том буюу “Шилдэг бичлэгийн шагналтан” боллоо. 2021 онд хамт олноо манлайлан, үгийн урныг сүлж, ухааны цэцийг гайхуулж, мэдлэгийн цараагаа таниулсан “Шилдэг бичлэгийн шагналтан”-аар Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймч Т.Энхбат, Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч Б.Номин, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны сэтгүүлч Ж.Сувдмаа нар шалгарав. Т.Энхбат “Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой” хоёрын хувь заяаны огтлолцол”, “Рио тинто”-гоос илгээсэн гурван тэрбум долларын захидал” нийтлэлээрээ дээрх шагналыг хүртсэн юм. Эдийн засгийн үйл явдал, түүнийг тойрсон бодлого, шийдвэрт дүн шинжилгээ хийн, Засгийн газар, үндэстэн дамнасан корпорацын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх үйл явцын ард өрнөж буй далд мэдээллийг тэрбээр нийтлэлүүдээрээ ил болгон, олны сонорт хүргэснээрээ ийн онцгойров. Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч Б.Номин улс төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн зөрчил, хууль дээдлэх зарчмаа баримтлахгүй, сонгуулийн зардлын тайлангаа шударгаар мэдээлэхгүй байгааг шүүмжилсэн “Таван саяын бороо”, “Зүсээ хувиргасан 100 сая буюу мөнгөн босготой АН” зэрэг нийтлэл туурвиснаар “Шилдэг бичлэгийн шагналтан” болов. Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны сэтгүүлч Ж.Сувдмаа байгаль хамгаалах, орчиндоо ээлтэй байхыг уриалж, төр, засгийн бодлогын алдааг шүүмжилж, засаж залруулахыг хөндсөн “Одон орон судлах оргилгүй болоход ойрхон байна”, “Тэрбум мод тарихад тайз, дүрэмт хувцас хэрэггүй” нийтлэлээрээ шилдгээр тодорлоо.
- Ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагналтан Г.ЦОЛМОН
- Гэрэл зургийн шилдэг сурвалжлагч Э.ХАРЦАГА
- “The UB post” сонины шилдэг ажилтан Л.МИШЭЭЛ
- “Өнөөдөр” сонины шилдэг албаар Н.Уламбаяр даргатай Дизайнерын албаны хамт олон шалгарлаа
- Санхүү, аж ахуйн албаны шилдэг ажилтан П.САНСАР-ОЮУН
- Хэвлэх үйлдвэрийн шилдэг ажилтан Т.НАРАНБАЯР
- “Ган үзэгтэн” Б.ДӨЛГӨӨН
- Олон нийттэй харилцах албаны шилдэг ажилтан О.БАТЦЭЦЭГ
- Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Г.БАТЦЭЦЭГ
- Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Д.ЦЭРЭНДАШ
“Өнөөдөр” сонины график дизайныг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, өдөр тутмын бусад хэвлэлээс онцгой, өөр байлгаж чаддаг Н.Уламбаяр даргатай Дизайнеруудын албаныхан энэ жилийн шилдгээр тодорлоо. Мөн гэрэл зургийн шилдэг сурвалжлагчаар Э.Харцага шалгарлаа. Тэрбээр энэ онд “Токио-2020” олимпыг сурвалжилж, спортын торгон агшин, олон улсын шилдэг тамирчдыг Монголын гэрэл зурагт түүх болгон үлдээсэн юм. Түүнчлэн “UB post” сонины шилдгээр Л.Мишээл, Олон нийттэй харилцах албаны шилдгээр О.Батцэцэг, Хэвлэх үйлдвэрийн шилдэг ажилтнаар Т.Наранбаяр, Санхүү, аж ахуйн албаны шилдэг ажилтнаар П.Сансар-Оюун нар тус тус шалгарлаа. Харин “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагналыг Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон хүртэв.
Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс манай ажилтнуудыг урамшуулсан юм. Тухайлбал, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “UB post” сонины орлогч эрхлэгч Б.Дөлгөөнд “Ган үзэгтэн” шагнал олголоо. Спортын ертөнцийн өдөр тутмын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй нийтэлж, салбарын алдартнууд, тамирчидтай сонирхолтой ярилцлага хийн, сониныхоо уншигчидтай “уулзуулж” буй сэтгүүлч Г.Батцэцэг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болов. Мөн “Өнөөдөр” сонины Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Цэрэндаш, Олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Уянга нар Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Бэлтгэсэн С.Цэрэн