Чадварлаг мэргэжилтэн гэж хэнийг хэлэх вэ. Их, дээд сургуулиа амжилттай төгсөж, диплом гардсан нэгнийг хэлэх үү. Эсвэл оюутны ширээнээс салсан даруйдаа ажлын талбарт шилжсэн хүнийг ийн хэлэх үү. Нэг газраа тогтвор суурьшилтай ажиллан, албан тушаал, карьераа ахиулсан хүнийг ингэж тодорхойлох уу. Ажил олгогч байгууллага, удирдлагын зүгээс тавьсан шаардлагыг үг дуугүй биелүүлдэг, гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон дагадаг, ногдсон ажлаа цаг тухайд нь гүйцэтгэдэг нэгнийг энэ ангилалд багтаах уу. Уншигч та юу гэж бодож байна вэ.
Дэлхий нийт энэ асуултад хариулахын тулд сүүлийн жилүүдэд маш нухацтай судалж, тандсаар байна. Тэд боловсон хүчин, ур чадвар гэдэг үгийг нэг зоосны хоёр тал мэт чухалчилж үзэх боллоо. Нэр хүндтэй, томоохон их, дээд сургууль төгссөн, улаан диплом гардсан, ажлын байрт “ногоон гэрлээр” очсон нэгнийг чадварлаг гэж үнэлж, дүгнэх нь өрөөсгөл, хоцрогдсон ойлголт аж. Харин ажлын байран дахь ерөнхий болон мэргэжлийн ур чадварыг хослуулан эзэмшсэн хүнийг орчин цагт ийнхүү тодорхойлж, байгууллагын үнэт капитал гэж үзэх болов. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэргэжилтэйгээ холбогдох мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх нь хангалтгүй гэж дүгнэж байна. Багаар ажиллах, хамт олон, бусад хүнтэй харилцах, бие даан ажиллах, шийдвэр гаргах, цаг ашиглах, зохион байгуулах, шүүн тунгаах зэрэг ерөнхий ур чадваруудаас гадна компьютер, гадаад хэл, шинжлэх ухаан, технологийн талаар зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагыг чухалчлах болов. Энэ бол ажилтанд тавих наад захын шалгуур, босго.
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын өрсөлдөөний тайлан” (IMD World talent ranking)-г жил бүр танилцуулдаг. Үүнийг үнэлэхдээ олон шалгуур, үзүүлэлтийг чухалчилдгаас хамгийн гол нь мэргэжилтнүүдийн ур чадвар, үнэлэмж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдал юм. Өөрөөр хэлбэл, Монголын их, дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд хэр чанартай “бүтээгдэхүүн” нийлүүлж байна вэ, тэдгээр нь хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангаж чаддаг уу гэдгийг тодорхойлдог. Манай улс энэ үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд байнга сүүл мушгисаар ирсэн. Өнгөрсөн онд баян ходоодод орсон бол энэ жил 64 орноос 61 дүгээрт эрэмбэлэгджээ. Олон улсын байгууллагын эл тайлан, судалгаа Монголын хөдөлмөрийн зах зээл, боловсролын байгууллагуудын үнэн төрхийг илтгэх чиг баримжаа болсоор ирсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Монголд Улс ур чадвартай мэргэжилтнээр дутаж, цангаж байгааг анхааруулсаар байв. Тэгвэл үүнийг дотоодын судлаачид мөн баталлаа.
2019 онд их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгссөн, идэвхтэй ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварыг харьцуулан судлахад ийм үр дүн гарчээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгээр 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Залуусын зохистой хөдөлмөрийн сүлжээ” байгууллагынхан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” хийхдээ манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилтнуудын мэргэжлийн болон ерөнхий ур чадварын хомсдолыг үнэлжээ. Ингэхдээ 2019 онд их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгссөн хүмүүсийг харьцуулан судалсан аж. Гэтэл тун тааруу үр дүн гарчээ. Төгсөгчид ерөнхий (дагалдах, хэрэгцээт) байтугай мэргэжлийн зохих чадваруудыг хангалтгүй эзэмшсэн нь тогтоогджээ.
Ажлын байран дахь мэргэжлийн ур чадвар гэсэн ойлголтод мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна гадаад хэл, компьютер, шинжлэх ухаан-технологи, математик сэтгэлгээ-тооцоолон бодох чадвар, ажлын байрны аюулгүй ажиллагаа, баримт бичгийн боловсруулалт, эх хэлний мэдлэг гэсэн долоон үзүүлэлтийг авч үзэхэд их, дээд сургууль төгсөгчид гурваар нь л илүүрхжээ. Тодруулбал, гадаад хэл, компьютерын мэдлэг, баримт бичиг боловсруулах чадвараар хавьгүй илүү байж. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцсан хүмүүс үлдсэн гурван үзүүлэлтээр тэргүүлжээ. Их, дээд сургууль төгсөгчдийн тэргүүлсэн гурван үзүүлэлтийн хувьд баримт бичиг боловсруулалтынх хамгийн хол зөрүүтэй буюу 8.1, гадаад хэлнийх долоо орчим хувиар илүү, компьютерынх бараг ижил түвшинд байгаа юм. Үүнээс улбаалаад судлаачид ажлын байран дахь мэргэжлийн ур чадварыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их, дээд сургуулиас илүү олгодог гэж үнэлсэн байна.
Ерөнхий ур чадварт багаар ажиллах, өөрчлөлтөд дасан зохицох, ярих, бичих, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах, тасралтгүй суралцах, цаг ашиглах, шийдвэр гаргах, бие даах, бусадтай ойлголцож-харилцах, багаар ажиллах гэсэн 12 шалгуур үзүүлэлтийг багтаажээ. Их, дээд сургууль төгсөгчид долоон үзүүлэлтээр илүүрхсэн байна. Тухайлбал, өөрчлөлтөд дасан зохицох, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах, тасралтгүй суралцах, бичих, ярих чадвараар тэд илүү бол мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж, төгсөн хүмүүс бусадтай харилцах, бие даан болон багаар ажиллах, шийдвэр гаргах, цаг ашиглахдаа сайн гэнэ. Эндээс харахад, их, дээд сургууль төгсөгчид илүү чадварлаг мэт ойлголт төрүүлэх ч үзүүлэлтийн чанар, ач холбогдлыг эрэмбэлбэл тийм ч хол зөрүүгүй аж.
Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн хоёр зүйлийг хооронд нь харьцуулан судалсан учраас нэг нь нөгөөгөөсөө илүү үнэлэгдэх нь тодорхой. Дээрх үзүүлэлтүүд үүнийг л илтгэж байна. Харин нийт үзүүлэлтээр авч үзвэл их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийн аль алинд нь мэргэжлийн болон ерөнхий ур чадвар маш муу байгааг судалгааны үр дүн харуулж буй. Тухайлбал, их, дээд сургууль төгссөн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварынх нь түвшин дөнгөж 9.8 байхад нөгөөгийнх нь 12 хувь байх жишээтэй. Компьютерын мэдлэг нь ердөө 16.1, 17 хувьтай. Хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож буй гадаад хэлнийх гэхэд 29.7, 36.4 хувьтай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгссөн хүмүүсийн багаар ажиллах чадвар дөнгөж 24.7 хувь атал хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна. Эдгээр тоо манай улсын боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, боловсон хүчний ур чадварын талаар олон зүйлийг “өгүүлж” байгаа юм.
Эндээс харахад монголчуудад хамгийн их дутагддаг ур чадвар бол эх хэлээрээ зөв бичих, ярих, математик сэтгэлгээ-тооцоолон бодох, өөрчлөлтөд дасан зохицох, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх юм байна. Муу үзүүлэлтүүд дотроо хамгийн муу нь эдгээр аж.
ус судалгааны хүрээнд ажил олгогчдын чухалчилдаг ур чадваруудыг мөн эрэмбэлсэн гэнэ. Тэдгээрээс хамгийн чухал нь хариуцлагатай байдал, эерэг хандлага, цаг ашиглах, ачаалал даах, багаар болон бие даан ажиллах чадвар гэж дүгнэжээ. Та сайн анзаарвал эдгээрийн олонх нь ерөнхий ур чадварын үзүүлэлт байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний хөгжилтэй холбоотой чадваруудыг чухалчилсан байна. Энэ бол дэлхий нийтийн хандлага, хөдөлмөрийн зах зээлд бий болсон шинэ “уур амьсгал”.
Мэргэжлийн төдийгүй ерөнхий ур чадварыг эзэмшсэн боловсон хүчин олон байхын хэрээр хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадвар дээшилж, ажлын бүтээмж сайжирдаг. Хамт олны уур амьсгал, харилцаанд хүртэл нөлөөлдөг аж. Тиймээс ажил олгогчид зөвхөн мэдлэг, дипломын дүнд хууртах бус, зохих ур чадваруудыг эзэмшсэн, эсэхэд анхаарах боллоо. Орчин цагт шаардлагатай чадваруудыг эзэмшүүлдэг сургалтын байгууллага ч олшров. Монголд гэхэд “TomYo” платформынхон энэ чиглэлийн төлбөртэй хичээлүүдийг цахимаар зааж эхлээд байна.
Дэлхий нийтийн хандлага нэгэн зүгт тогтсон учраас бид ч тийшээ анхаарал хандуулах нь зүйтэй. Хөгжингүй орнуудтай эн зэрэгцэх чадалгүй юм гэхэд ядаж тэднээс суралцах хэрэгтэй. Ингэж байж бид хөдөлмөрийн зах зээлийн “тушаа”-г тайлна.