АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарай, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож, үг хэллээ. Өнөөг хүртэл Энх тайвны корпусын нийт 1429 сайн дурын ажилтан манай улсын бүх 21 аймагт ажиллаад байна. Энх тайвны корпус нь боловсрол, эрүүл мэнд, орон нутагт түшиглэсэн хүүхэд, залуучуудын хөгжил, бизнес, байгаль орчин, төрийн бус байгууллагын хөгжил зэрэг салбарт богино болон урт хугацааны хөтөлбөр, тэр дундаа англи хэлний боловсролын хөтөлбөрийг олон жилийн турш тогтвортой хэрэгжүүлж, монголчуудын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болно. “Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын 30 жилийн ой” сэдэвт нэг нэрийн марк дээр англи хэлний боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтан сурагч багачуудад хичээл зааж байгаагаар Энх тайвны корпус нь орон нутаг, нийслэл хотын бүх түвшинд хамтран ажилладгийг илэрхийлж, ерөнхий боловсролын сургууль, монгол гэр, нутгийн удирдлагын ордон, Улаанбаатар хотын орчин үеийн барилга, байгууламжууд, Энх тайвны корпусын лого зэргийг дүрслэн харуулжээ.