Улсын төсвийн мөнгөөр төсөл гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэж байгаа зарим аж ахуй нэгж, байгууллагууд коронавирусийн цар тахлын улмаас тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлт хойш хойшлогдох мөн барилгын түүхий эд материалын хомсдол, үнийн өсөлт зэрэг асуудлаас хамаарч гэрээний хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй болжээ. Үүний улмаас ирэх онд батлагдсан санхүүжилтаа бүрэн авах боломжгүй байдал үүсчээ. Энэхүү асуудлыг өнөөдөр Засгийн газарт танилцуулаад байна.
Захиалагч байгууллагуудын хүсэлтийн дагуу тухайн захиалагчийн хөрөнгө оруулалтын барьцаа хөрөнгийн дансанд байршуулж, 2022 онд ажлаа гүйцэтгэсний дагуу ажлын гүйцэтгэлээр олгож дуусгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, эдийн засгийн олон зорилтыг хэрэгжүүлэх, төслүүдийн төсөвт өртөг нэмэгдэх, олон жил үргэлжлэх эрсдэлээс хамгаалах боломж бүрдлээ гэж Сангийн яамнаас мэдээллээ.